Sunday, December 13, 2009

Зүгээр л суугаад баймаар
Ямар хэцүү өдөр вэ
Зүг л гарвал төөрчих гээд
Ямар хэцүү өдөр вэ
Зүс нь бүүдгэр уулс
Жаварт дагжаад
Зүүн хаяанаас
Зэвхий хөх тэнгэр ширтээд
Зүүдэн бодол шиг
Зүрх өвтгөөд
Зүгээр л...
Зүгээр л баймаар
Яасан хэцүү өдөр вэ...
Үг л дуугарвал
Үүл сөрчих гээд
Үглэж дуулвал
Сэтгэл сөрчих гээд
Яасан хэцүү өдөр вэ...

Шүлэг

Дунд хуруу шигээ том ахтай хүн
Чигчий хуруу шигээ намхан байлгүй дээ
Дулаан гэрийнхээ хойморт суудалтай
Чанд хатуу аавтай хүн
Ядам хуруу шигээ ямбалалгүй дээ

Эрхий хуруу ишгээ том эгчтэй хүн
Долоовор хуруу шигээ намхан байлгүй дээ
Долоон бурханд цацал өргөдөг
Эгшиг зөөлөн ээжтэй хүн
Ядам хуруу шигээ ямбалалгүй дээ

Арван хуруу шигээ халуун бүл
Алаг орчлонд хөтөлцөж ирсэн юм
Энгэр дулаан хоёр алгандаа
Эвийн цавуу шиг ижилсэж жарганаа

Wednesday, August 5, 2009

Нутгийн зам

Хөгжмийг М.Хатанбаатар

Хүлээсэн сэтгэлд ойртож харагдах
Хөндийг туулсан нутгийн зам аа
Хүүгээ үдээд хоцрох ээжийд
Ханьсаад үлдэх аяны харгуй

Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай

Олон зууныг гаталж урагшлах
Орчлонг тойрсон нутгийн зам аа
Тоонотоо зориод ирэх хүүдээ
Тойруу бүхнээ дөтлөх харгуй

Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай

Зовлон жаргал ээлжилж хөтлөх
Зураг төөрөгтэй нутгийн зам аа
Зүрхээ догдлоон ханьдаа очиход
Зөрөг жим нь тодрох харгуй

Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай

Tuesday, August 4, 2009

Адуун зүсмийн уул

Үүлэн хөх мориор
Алдаршсан юм гэнэ лээ
Үлгэр жаргааж
Үлдсэн уул юм гэнэ лээ
Аавын минь адуулж явсан
Адуун зүсмийн уул аа
Ээжийн минь цацлаа өргөсөн
Элсний эжий уул аа
Усан болор өнгөөр
Гэрэлтдэг уул юм гэнэ лээ
Урсаж байгаа элснээс
Уягдсан уул юм гэнэ лээ
Дахилт:
Хадган цэнхэр морио
Хантайрсан уул юм гэнэ лээ
Домог амилааж
Тогтсон уул юм гэнэ лээ
Дахилт:
Зуларч хаашаа ч явахгүй
Зул уул юм гэнэ лээ
Торохгүй их элснээс
Томогдсон уул юм гэнэ лээ
Дахилт:

Бодол бэлчээсэн найрагчийн номд хэлсэн болох болохгүй хэдэн өгүүлбэр

Уншигч болон сонсогч түмний ам сайн яваа яруу найрагчдын нэг бол эрдэмтэн-зохиолч Лханаагийн Мөнхтөр яах аргагүй мөн. Тэрвээр УБДС-УБИС-д миний даасан ангийн оюутан байж, 1992 онд их сургуулиа амжилттай сайхан дүүргэсэн юм. Зорьсон юмтай, уужуу талбиун сэтгэлтэй, ухааны уртай, нэг л сонин, бодол бэлчээсэн, хөдөлмөрч залуу юм даа гэж бодож явдаг байж билээ, тэрхэн үед.
Их сургуулиа төгсгөөд, Монголын Радиод тасралтгүй 16 жил ажилласан энэ хугацаанд яруу найргийн, нийтлэлийн, танин мэдэхүйн, судалгааны чиглэлтэй сонирхолтой, уншууртай хэдэн сайхан ном бүтээж багш нартаа барьж баярлуулж явдаг нэгэн. Энд “Адуун зүсмийн уул” /1994/, “Морин уул” /1995/, “Хийморь уул” /1999/, “Нутгийн зам” /2004/, “Ургадаг алт” /2005/ зэрэг номуудыг дурдахын учир бол яруу найрагч Л.Мөнхтөр маань “Нутгийн зам”-ыг дуулж, “Уул”-ын оргилыг зорьж, “Хийморь лундаа”-тай явсаар өнөөдөр “эрдэмтэн-зохиолч”-ийн эгнээнд орсныг хэлэхэд таатай сайхан бөгөөд шавиараа бахархахын учир байна аа.
Л.Мөнхтөр, МУБИС-ийн докторантурт суралцаж, “Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга, бүтэц, хэрэглээ” хэмээх сэдвээр 2007 онд хэлбичгийн ухааны докторын зэргийг гялалзтал хамгаалсан юм. “Баялаг сайхан хэрэглэгдэхүүнтэй, монгол адууны зүсмийн үндэсний онцлогтой үгийн утга, соёл хэрэглээний асуудлыг тун чамбай судалсан өвөрмөц судалгаа болжээ...” гэж хамгаалуулах зөвлөл үнэлж дүгнэж байлаа...Энэ үеэс л доктор, яруу найрагч Л.Мөнхтөрд боловсрол ба соёлын гэсэн хоёр зүйлийн онцлогтой, хоёр гол тэрүүр зам нээгдээд ирэх шиг санагдаж билээ. Нэгдэх нь уран бүтээлийн зам, хоёр дахь нь эрдэм судлалын ажлын зам байсан гэж хэлж болох юм.
Ер оюутан Мөнхтөрөөс яруу найрагч Мөнхтөр, нийтлэлч Мөнхтөрөөс боловсролын доктор Мөнхтөрийг хүртэлх хувь хүнийг ажиглаад байхад нэг л тийм гэгээн сайхан бодол бэлчээсэн, дотоод чинадын гүн бодрол бясалгалтай, бас уран сайхны дүрт сэтгэлгээтэй, ямар ч орчин нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөж чаддаг хүн юм уу даа гэсэн бодол санаа төрөгдөөд байдаг болж билээ.
Юуны тухай бодол санаа, ямар бодрол бясалгалыг хаанаас хааш нь бэлчээж, өөрийгөө хөгжүүлж дэлгэрүүлж явдаг найрагч вэ? гээд л бодохлоор доктор Л.Мөнхтөр маань хүн-хүн, хүн-хүмүүс, хүмүүс-хүмүүс гэх буюу эсвэл хүн- эх дэлхий, уул ус, хүн-нийгэм ба соёл гэсэн харилцааг нарийн мэдэрч, хүүгийн сэтгэлээс ээж, аав, эх нутаг ус руугаа, эх хэл соёл руугаа, “Нутгийн зам”-ыг дагуулан бодол бэлчээдэг зөөлөн зөөлөн зантай, эе эвийг хичээдэг хүн гэдгийг онцолмоор байна. “Хяруу унасан, хайр хоргодсон намар”-аас “Цэцэг дэлгэрэх зун”-руу, “Тариа найгах тал”-аас “Адуун зүсмийн уул”-руу сэтгэл бодлоо бэлчээдэг эр хүн гэмээр ч юм шиг. Аль эсвэл “Ивээл жилтэй бүсгүй”-гээс, “Ус нутгийн бүсгүй”, “Яриа Тунгаа”-г хүртэл яруухан бодол бэлчээж, уран дүр бүтээсэн найрагч ч гэмээр юм шиг санагдав. Бас тэгээд л бодохлоор “Зөөлөн зөөлөн замбуулин” “Явуулын цэнхэр дэлхий”-гээр зөв явахын уран сайхан санаа бодлыг бэлчээж, хүмүүст хүргэсэн өр нимгэн уран нийтлэлч хүн юм даа гэмээр санагдах болж билээ. Тиймээс ч:
Дээд хөх тэнгэрийн дор
Дэргэдэх бор дэлхийн дээр
Бодолд автаж явдаг дууны яруу найрагч маань “Би тэнгэрийн харьяат газрын хүү” /1998/ гэсэн сайхан дууг бичсэн нь учиртай байх аа.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Мөнхтөр уншигч танд дууны шүлгүүдээсээ сорчлон дээжилж, “Зөөлөн зөөлөн замбуулин” буюу гурван “ЗЗЗ”-тэй шинэ номоо өргөн барьж байна. Энэ яруу найргийн дууны шүлгээр бүтсэн тусгай дэвтэр нь “ЗЗЗ” гэсэн нэртэй байгаа нь ч учир начиртай байх. Учир гэвэл олонд түгэн дэлгэрсэн энэхүү “Зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг дуу /шүлэг/ бол энэ бэсрэгхэн номд багтсан:
“Хүмүүн байгаа болохоор л...” /2007/
“Хүн хүндээ баяр” /2008/
“Нутгийн зам” /1993/
“Гүйгүүл морин” /1999/
“Хяруу унахад ээжийгээ саналаа” /2001/
“Адуун зүсмийн уул” /1995/
“Хулстайн гурван даваа” /1994/
“Атрын аян” /2008/
“Би тэнгэрийн харьяат” /1995/
“Хөхморьтын унага” 2003/
“Цэцэг сүлжсэн хайр” /2005/
“Явуулын цэнхэр дэлхий” /1996/ гэх зэрэг олон сайхан дууны /шүлгийн/ “удиртхал”-дуу хөгжим нь буюу “тайз засал” нь болох учиртайг онцлон тэмдэглэмээр санагдав.
Зохиолч Л.Мөнхтөрийн дууны шүлгийн номд байгаа олон сайхан уран дүрслэл, шинэ санаа, гэгээн бодол эрэгцүүллийг дуу болгоноос нь жишээ татан шигтгэж, нотолж болох авч, “Бодол бэлчээсэн найрагчийн номд хэлсэн болох болохгүй хэдэн өгүүлбэр” маань нуршуутай болчих вий гэсэн болгоомжлол байна аа. Хоёрхон сайхан бадгийг хосмолжлон татаад харвал: “Гүйгүүл морин”-д:
...Ээждээ яарсан сэтгэлийн хайраа
Гүйгүүл морины дэлэнд уямаар аа
Эцгийн гэрийн дулаан хоймортоо
Гүний нутгаас яаран очмоор оо...” гэсэн сайхан дүрслэл байдаг бол “Цэцэг сүлжсэн хайр”-ндаа найрагч маань:
“...Бодож бодож хэлсэн үгэнд нь
Бороотой тэнгэр цэлмээд байхым аа
Удаж удаж уярсан хайранд чинь
Ухаан санаа уужраад байхым аа...” гэсэн сайхан бадгаар “бодол бэлчээсэн” байх жишээтэй. Жич тэмдэглэхэд, Л. Мөнхтөрийн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг түмэнд хүргэж, олонд алдаршуулахад хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж, бусад олон уран бүтээлчид үнэхээр сэтгэл гаргаж, түрлэг нэмсэн нь бахархмаар санагддаг юм. Л.мөнхтөр олон сайхан хөгжмийн зохиолчид, дуучидтай хамтран, өвөрмөц уран бүтээл хийж, хоршиж гуршиж, ажилласан нь бүтээлийнх нь чанарт болон хэрэглэгч олон түмэнд хүрэхэд нь сайнаар нөлөөлснийг тэмдэглэе. Энэ бол хамтын бүтээлийн чанар сайн байдаг гэдгийг харуулсаар байгаа хэрэг.
Ингээд авьяас билэгт эрдэмтэн шавийнхаа дууны найргийн шинэ номд болох, болохгүй хэдэн өгүүлбэр нэмэрлэснээ бас л нэг сайхан аз завшаан хэмээн бэлгэшээх ялдамд эрдэм судлалынх нь нөр их ажилд гялалзсан сайхан амжилт хүсэж, “Явуулын цэнхэр дэлхий”-дээ олон сайн номыг бүтээгч- найрагчийн аз хийморьтой, зөв сайхан явахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Пүрэв-Очир

Аяс зөөлөн, дөлгөөн ялдам, ухаалаг хийгээд бодлогоширонгуй

Уран бүтээл бол ямагт хувь араншин байдаг. Л. Мөнхтөрийн дууны шүлгүүд ч мөн л тийм байна. Аяс зөөлөн, дөлгөөн ялдам, ухаалаг хийгээд бодлогошронгуй.
“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...” гэж тэр хэлсэн юм.Хэн хүний сэтгэлийн нуга, зүрхний аглагт энэ үг шидэт тарни мэт мөнхийн хутагыг олсон байна. Хонгор нутгийн минь авьяас билэгт дүү, ая зохиогч, дуучин Н.Баасандорж ч энэ шүлгийн гүн цэнгэгт тохирсон хөгжим зохиосныг
авьяас авьяасаа таньдаг гэсэн үгээр л тайлбарлахаас өөрөөр юу ч гэлтэй билээ. Ерөөс уран бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяа, цадиг намтартай байдаг л... Тийнхүү аваас, энд “Явуулын цэнхэр дэлхий...” дуу хэрхэн төрсөн тухай бичилхэн хууч хөөрье.
Тэр жил, 1994 онд юмдаг уу, Эрдэнэт хотод Монголын үндэсний радиогийн сонсогч редакцийн уулзалт болсон юм. Тус уулзалтанд манай редакцийнхан | “ Шинэ эрин радио станц”-ынхан | бүтэн багаараа оролцов.
Бидний бүрэлдэхүүнд олон дуучид явсны дотор УГЖ Э.Бүрнээбаяр байв.
“Амьдрал аа, би чамд хайртай...” дууны нэрт дуучныг Эрдэнэтийнхэн зориуд урьсан юм. Тэрчлэн Б.Цэдэндамба, П.Баярсайхан. Ц.Чимиддорж, Л.Мөнхтөр, Д. Энхболд, Д.Шагдарсүрэн, П.Сандуйжав, М.Шийрэв зэрэг бидний хэдэн зохиолч сэтгүүлчид сонсогчидтойгоо уулзаж, шүлэг, дуугаа өргөж явав.
Энэ үед нэгэн уулзалтан дээр Л. Мөнхтөр “Ирсэн л болбол буцах болдог дэлхийд...” бас буцсан хүн эргэж ирдэг юм шүү дээ гэсэн өмнөтгөл үгтэйгээр нэгэн шүлэг уншсан нь “Явуулын цэнхэр дэлхий...” нэртэй байж билээ. Хожим нь энэ шүлэг сайхан дуу болсон юм. Аялгууг нь мөн л хонгор нутгийн авьяаслаг хөгжмийн зохиолч Б.Шаравдорж зохиожээ. Тэр дууны дахилт нь

“Явсан хүн эргээд ирдэг
Явуулын цэнхэр дэлхий
Яргуй дахин дэлбээлдэг
Яруухан хаврын улирал аа...” гэсэн үгтэйсэн.

Л.Мөнхтөр энэ дуугаа “Амьдрал аа, би чамд хайртай...” дууны хариу болгож бичжээ. “Явуулын цэнхэр дэлхий...” дуу төрөхийн үүдэл шалтгаан нь “Амьдрал аа ,би чамд хайртай ...” дуу бүлгээ. Энэчлэн энэ номонд орсон дуу бүхэн нэг нэг түүх өгүүлэх ажаам.
“Цэцэг сүлжсэн хайр...” гэж бас нэг сайхан дуу бий. Энэ дууны нэрийг гэхэд л би өгсөн юм. Ер нь Л. Мөнхтөр бол шүлгээ биччихээд найз нөхөдтэйгээ санал бодлоо хуваалцах дуртай нэгэн. Тэр нь ч уран бүтээлийнх нь чанар чансаанд авшиг хишгээ өгсөн нь олонтаа. Толгод толгодоо нөмөрлөдөг . Бас “нэг уяаны морьд нэгнээ дагаж давхидаг...” гэж яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар ах минь хэлсэн нь ч бий. Анд минь, тийнхүү бид бие биенийхээ уран бүтээлийн ая дан, амин шүншигт
гэрэлтэн орших билээ л...
“Зөв явбал зөөлөн замбуулин”-д хийж бүтээхийн мөнгөн зөрөг чинь чамайг тосон алсармуй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа
2008. 11. 02.

Зөөлөн зөөлөн замбуулинд жарган саатна уу

Зөөлөн зөөлөн замбуулинд жарган саатна уу...


Яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны шүлгийн нэгэн цагаан гэрийн үүд хаалгыг Та нээж байна. Л.Мөнхтөр энэхүү дууны шүлгийн цагаан өргөөгөө “Зөөлөн зөөлөн замбуулин” хэмээн нэрлэжээ. Яг энэ л шүлгийг нь би нэгэнтээ баярлан хүлээн авч бас ч дууны шүлгийн тухай бичсэн өгүүлэлдээ иш татаж байсан юм.
Тэр өгүүллийг минь энэ яруу найрагч олж уншиж, намайг шинэ номдоо өмнөтгөл бичиж өгөхийг хүссэн юм.
Ер яруу найрагчийн шүлгээ хүнд хүргэх хамгийн дөт агаад баталгаатай нэгэн жим зам нь үнэндээ дуу буюу...Дууны шүлэг болвоос томоохон, бүхэл бүтэн санааг бичил орчинд багтааж гаргадаг өвөрмөц онцлогтой яруу найраг л даа. Онцолж бас хэлэхэд дууны шүлэг хэмээх нь хүмүүний сэтгэлийн уран дүр нь байдаг бөлгөө. Сэтгэлийн зураг хөрөг ч гэж болно.
Олон сайн яруу найрагчдын олон арван шүлэг нь дуу болж сонсогч түмэнд жигүүр дэлгэн нисэн нисэн хүрч сонсогч хүмүүний зүрхэнд бас хадагдан үлдэх нь бий.
Дууны шүлэг бичнэ гэдэг үнэндээ үгийн инжааны л хийх нарийн чимхлүүр ажил гэдгийг ч дурдмаар байна.
Энэ тухай дараа жичдээ ихэд дэлгэрэнгүй бичих нь зүйтэй байх аа... Одоо харин Л.Мөнхтөрийн дууны шүлгүүдээс цөөн мөр иш татья.

“...Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг
Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” /Зөөлөн зөөлөн замбуулин/ гэх оночтой үгээр ухаарал, амьдралын хамгийн гол философийг сэтгэлийн утсыг чичвэлзүүлэн байж , ая эгшгийн зохиролыг бас “ашиглан” байж зон олны цээжинд хүргэж өгч буй бус уу.

“…Нутаг эжий хоёрыгоо
Нулимсаа бөмбөртөл санах юм аа” /Хулстайн гурван даваа/ гэсэн дууны дахилт нь үнэндээ л эжийгээ санах хүүгийн тод дүр юм.

“…Зүрхэндээ хүртэл тэвэрч хайрладаг юм аа
Зүсэлж унасан бор газар аа
Зүүдэндээ хүртэл зүтгэж очдог юм аа
Зүйргүй дотнохон ЭЖИЙ ГАЗАР АА…” /Сайхан газар шороо минь/ гэж эх дэлхий газар шороогоо эжийтэйгээ зүйрлэн хайрласан сэтгэлийн айлтгал,
“Хүлээсэн сэтгэлд ойртож харагдах
Хөндийг туулсан нутгийн зам аа
Хүүгээ үдээд хоцрох эжийд
Ханьсаад үлдэх аяны харгуй
Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай…” /Нутгийн зам/ гэх хүн бүхний, тэр дундаа монгол хүмүүний нутгаа зорин гэгэлзэх сэтгэл дээр тэрхүү нутгаа хайрлах ухаарал,
“ Бодож бодож хэлсэн үгэнд нь
Бороотой тэнгэр цэлмээд байхымаа
Удаж удаж хэлсэн үгэнд нь
Ухаан санаа уужраад байхымаа…” /Цэцэг сүлжсэн хайр/ гэсэн гэгээн бодолхийлсэн учирлал,
“…Хаднаас хүртэл нулимс дуслах шиг
Хайлган тэр л өдөр
Жил жилийн аясыг дагаад
Жиндэж яваа амраг минь
Цэн цэнгээр бодоход
Цээжинд нэг л ойрхон
Хааяа хааяа санахад
Харц нь нэг л дотно оо…” /Зүрхэнд ойрхон амраг/ гэх уужуу бод сэтгэлийн хөнгөн гуниг,
“Хол холын ууланд
Бороо цайраад байхаар нь
Хонгор жаахан чамайгаа
Босон суун үгүйлэх л байх даа
Навчин хоёр зүрхнийхээ
Нандин хайрын илчээрээ
Намрын бороотой өдрүүдийг
Нөмөрлөж шүхэрлэж явья даа…” / Хайранд хоргодсон намар/ гэх эгэл энгийн үгээр дархалж шигтгэн урласан гэгэлзээ-г түүний дууны шүлгүүдээс анзаарч болно. Энэ бол Л.Мөнхтөрийн шүлгийн чанар чансааг бэлхнээ хэлээд өгнө өө.
Дуу гэдэг сайн аялгуу, сайхан дуучны дэмтэйгээр түгэн дэлгэрдэг ч ДУУНЫ ҮГ гэдэг үнэндээ түүний араг яс нь ч , анхдагч төрмөл нь ч байдаг, бас дууны сайн шүлэг нь өөртөө хөгжим агуулсан байдаг, тийм яруу шүлгээс л аялгуу ургадаг гэдгийг яруу найрагчийн хувьд тодруулан хэлэх нь зүйтэй буй за.
Дуу гэдэг нэг цогц үүсмэл хамтын бүтээл боловч үг нь ухаарал утгын цөм, сайхан аялгуу нь сэтгэлийн гаргалгаа, сайн дуучин нь түгээн дэлгэрүүлэх улаачийн буухиа гэж хэлж болно.
Ингэхээр Л.Мөнхтөр хүмүүний сэтгэлийн гүнд ухаарлын үгсийг яруусган хүрэгчдийн нэгэн аж.
Олон олон өвөрмөц онцлогтой дууны яруу найрагт авьяас сорин хөржимлөг шүлэг бичиж туурвиж буй Л. Мөнхтөрд нэг талаас уншигч олон, нөгөө талаас сонсогч олон таны өмнөөс гүнээ талархмуу.

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн
яруу найрагч Загдын Түмэнжаргал

Нутгаа санах минь

Гүн тийшээ цэнхэртэх тэнгэртэй сэн
Гүнжийн нүд шиг тормойлгоод санадаг сан
Гүүргийн шингэн дуу шингээсэн хөдөөтэй сэн
Гүүн зэлний дэргэдээс л цэцэг дэлгэрдэг сэн
Гүний нутгаас жаргал баяр сүлэн хайрладаг сан
Гүнгийн зуугийн алтан сургаал сонсогддог сон

Давхар цэнхэр уулс нь сэрүүн хонодог сон
Даамай зүрхний гүнд цэнхэрлэж байдаг сан
Даанчиг холын нутгаас өндөлзөж санадаг сан
Даахьтай насыг минь өлгийдөж хоцорсон сон
Даваа давааны орой нь овоо тахилгатай сан
Дагшин ариун нутгаа зүүдэлж сэрдэг сэн

Умрыг зорьсон мөрөн голын эгшиглэнтэй сэн
Уулс ороосон харгуй цайдам замтай сан
Учиргүй их санахаар нүдний өмнө зурайдаг сан
Удаж удаж очиход танил тоостой харгуй сан
Уяан дээрх морьд үүрсэн угтдаг тоонот сон
Учгий нь зангидсан дээлээ ээж минь дэлгэдэг сэн
Бор бор толгодтой өөжин шаргал говь сон
Ботгоны буйлаатай зүсэрсэн хавар цаг сан
Болжмор жиргэсэн бутны, мөчир гөлөглөсөн
Борлог өндөг адууны мөрөнд бөндийсөн
Бурхан хүртэл саатмаар ирж яваа цагаар

Хол холын дүүжүү нутгаа санаж л явна
Хормын төдий ч их Монголоо мартаж чадсангүй
Хорьдын тэргэл саран мэлтийх үдшээр ч
Хорвоогийн гэрэлт наран мандах үүрээр ч
Хоолой зангируулан ЭХ ОРОН гэж шивнэдэг
Хүний л алаг үр шүү дээ БИ

Зөөлөн зөөлөн замбуулин

Ширээ

Эгэлхэн ширээ минь
Эрдмийн уяа шузга минь ээ
Намайг чи их сойсон доо
Наадамд түрүүлтэл уясан

Бодлоо чам дээр асгаж
Борооших тэнгэр шиг
Тавцан дээр чинь агь нүдэлтэл
Таныгаа би тохойлдсон шүү

Уйдлаа гэж ердөө тээршаагаагүй
Улмаа л өнгө ордог сон
Ном цаасаар дүүргээд
Нооройсон юм болгочихдог сон
Ингэх л ёстой гэх шиг
Инээмсэглэж байгаа юм шиг
Үүрсэн ачаандаа түүртэлгүй
Үүрэглэж ердөө харагддаггүй сэн

Эгэлхэн ширээ минь
Энэ насны гэрч минь ээ
Бид хоёрын бодол болсон
Бид хоёрын бодлоо бичсэн
Тэр олон өдрүүдийг
Тэвэрч хоносон болохоор
Чи л намайг илүү ойлгоно
Цагаа болоход хуучилна
Эгэлхэн ширээ минь
Энэ насны дагуул минь ээ
Сэтгэлээ шингээсэн
Оюуны талбар минь
Сэтгэлд минь үлдэх
Онцгой ачтан шүү, ЧИ

Цагаан хэрэм

Цагийн урсгалд түүртэж сунайсан
Цагаан хэрэм дээшээ л цоройно
Их уулсын ногоон хормойгоос
Эгц өөдөө тэнгэр өөд л зурайна.
Илдэн ногоон оргил бүхэнд
Энэ цагаан хэрэм авирч хүрчээ
Тэнгэрт тэмүүлсэн их хэрэмний өмнө
Тэнгэр өөрөө намхан болжээ...
Тэнгэр өөд өгссөн чулуун шат бүхэн
Тэртээх зууны түүх өрсөн чулуун шад
Шат тоолон гишгэх бүхэнд
Шархтсан зүрх ёолно...
Сүнс сүлдтэй хүн бүү хэл
Сүүдэргүй чөтгөр хүртэл эмээдэг
Сүрт их хясаа байх...
Сүрлэг их уулс нь хүртэл эмээх
Учиргүй олон хүний хөлсөөр гагнаж
Улаан гараараа бүтээсэн цагаан хэрэм
Ургаж мандах наранд ч
Умбарч л байдаг
Унтаа цагаан саранд ч
Ургаж л харагддаг
Уул уулын дээгүүр өнгийж
Умар зүгийн салхийг хүртэл халхалж
Утга агуулгаа алдсаар л байдаг
Дээд оргилд нь гарахаар аз тохиох юм шиг
Дундад иргэд дугаарлан цувсаар л байдаг
Хар үсий нь тоолом буурал өвгөн ч
Хааяа нэг амраад өгсөж л байдаг
Хацар гоо, танхил охид
Хархүүдээ эрхлээд авирч л байдаг
Хар шар олон арьстан
Харийн ноёд ч өгсөж л байдаг
Ямаа боол хоёрын бүтээсэн
Янжин ууланд ассан
Яхир цагаан хэрэм
Ярайж л байдаг...
Түүх алхаж яваа юм шиг
Түмэн цагаан хэрмийг
Наран ургах зүгээс нь
Нанхиад түмэн шүтдэг
Чөлөөт салхины зүгээс нь
Чингисийн монгол омогшдог...
Улаан гараараа бүтээсэн
Цагаан хэрэм
Умрын нүүдэлчдээс айсан
Цагаан билэгдэл
Удах тусмаа мөнхрөх
Цагаан цогцос
Улаан гараараа бүтээсэн
ЦАГААН ХЭРЭМ


1999 он. Бээжин хот

Sunday, August 2, 2009

Танилцуулга


Сэтгүүлч, яруу найрагч Бэсүд овогт Лханаагийн Мөнхтөр 1957 онд Говь-алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Л.Мөнхтөр нь МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Хэл бичгийн ухааны доктор.

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд бүрэн бус дунд сургууль, Архангай аймаг дахь багшийн сургууль, Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн дээд курс, УБИС-ийг монгол хэлний багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

1978 оноос Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуульд багшилж ажлын гараагаа эхлэсэн. 1979-1982 онд Ардын цэргийн алба хаасан. 1982-1984 онд Улаанбаатар хотын 60 дугаар дунд сургуульд түүхийн багш, 1984-1987 онд Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хооронд зааварлагч, 1987-1992 онд УБИС-д оюутан, 1992-1999 онд Монголын радиод сурвалжлагч, ахлах редактор, 1999-2000 онд БНХАУ-д Олон улсын радиод мэргэжилтэн, 2000 оноос өнөөг хүртэл Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн нийгмийн нэвтрүүлгийн албанд сурвалжлагчаар ажиллаж байна.

Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр нь “Адуун зүсмийн уул” /1994/, “Морин уул” /1995/, “Хийморь уул” /1999/, “Нутгийн зам” /2004/, “Зөөлөн зөөлөн замбуулин” /2009/ зэрэг яруу найргийн ном, “Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга, бүтэц” /2003/ судалгааны, “Хөхморьт бага толь” /2004/ танин мэдэхүйн, “Ургадаг алт” /2005/, “Ургадаг алт” /2008/ нийтлэлийн номууд, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” CD “2008” ном, бүтээлүүд хэвлүүлсэн.

2004 онд шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадиын олны таашаалд нийцсэн шилдэг дуу номинацид тэргүүн баяр, 2005 онд “Алтан өд” шагнал, 2006 онд “Цагаан лавай” шилдэг дуу шалгаруулах уралдааны тэргүүн байрын шагналаар тус тус шалгарчээ.

Түүний ажил, уран бүтээлийн амжилтыг өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, МЗЭ-ийн нэрэмжит шагнал, тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгодог хошой алтан медаль, “Ган үзэгтэн” цол тэмдэг, Радио телевиз, хэвлэл мэдээлэл, Хүнс ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.



CV of journalist and poet Munkhtur Lkhanaa,

editor of Mongolian National Public radio

Journalist and poet Munkhtur Lkhanaa Besud was born in Khukhmorit soum /smallest administrative unit/ of Gobi-Altai province in 1957. Munkhtur is a member of the Mongolian Writers’ Union and the Confederation of Mongolian Journalists. He is a Doctor of Linguists.

He studied in the secondary school of Khukhmorit soum of Gobi-Altai province, the Teachers’ College of Arkhangai province, the MPRP’s institute named after Sukhbaatar. D and the Teachers’ University of Mongolia. His major is a Mongolian language teacher and a specialist of literature.

His working career started from the secondary school of Bayan-Uul soum of Gobi-Altai province in 1978. In 1979-1982, he went to military service. In 1982-1984, he worked as a history teacher in the 60th secondary school of Ulaanbaatar and he studied at the Teachers’ University of Mongolia in 1987-1992. In 1992-1999, he worked as a reporter and a senior editor of Mongolian National Public Radio. In 1999-2000, he was working as an expert in the China International Radio. Since 2000, he has been working as a reporter of the Social program department.

Journalist and poet Munkhtur Lkhanaa published number of poetry books such as “Aduun zusmiin uul” /Horse color mountain/ in 1994, “Morin Uul” /Horse mountain/ in 1995, “Khiimori uul” /Inspiration mountain/ in 1999, “Nutgiin zam” /Country road/ in 2004 and “Zuulun zuulun zambuulin” /Right live reach nice life/ in 2009. He also published research, information and story books like “Words’ meanings and structures of Mongolian horse colors”, “Blue horse” small encyclopedia, “Growing gold” in 2005 and 2008 as well as a CD called “Zuv yavbal zuulun zuulun zambuulin” /Right live reach nice life/ released in 2008.

He has a number of prizes. In 2004, his song won a prize of the most popular song of the “Morin Khuur – 2004” nationwide contest and he won the first place in the competition of love song “Khongorzul” /Lilly/ in 2005. He was awarded the “Golden Feather” prize which is the best prize of poetry in 2006. In 2006, his song won the Grand Prix of “White conch” songs contest. In 2007, he awarded a prize of the Mongolian Writers’ Union. His books published in Russian and Chinese.

The Mongolian state highly valued his contribution and awarded “Polar star” medal, “Medal of the 80th anniversary of people’s revolutionary”, “The best young worker” medal, medals for Students’ scientific work, a journalists’ medal of “Steel pen” and he is also the best worker of media and food and agriculture.