Friday, January 22, 2010

Гэгээнтнээ үдлээ...

Эрдэнэ бандид хутагт Лувсанданзанжанцан 17-р зууны сэргэн мандалтын үеийн нэртэй төлөөлөгч билээ.Тэрхүү богд хүмүүний эх, яс язгуурыг түүх сурвалжаас сөхөн үзвэл: Эзэн Чингисийн 15-р үеийн ач Батмөнх даян хаан арван нэгэн хүүтэйн отгон нь Гэрсэнз Жалайр хун тайж, тэр долоон хүүтэй байсны гуравдугаар нь онохуй /Ноонох/ үйзэн ноён, түүний зургаан хүүгийн дөрөвдүгээр нь Түмэнхэн хөндлөн цөхүр, түүнд арван гурван хүү байсны дөрөвдүгээр нь Лоёг эрх цөхүр бөгөөд түүний ууган хүү нь Эрдэнэбандид хутагт Лувсанданзанжанцан болно. Ламын гэгээний хоёр дахь дүр нь Лувсанванчинбаатар /1705-1788/, гуравдугаар дүр нь Лувсанцэвээнжав /1789-1846/, дөрөвдүгээр дүр нь Дамбачүлтэм /Ширбазар/ /1847-1861/, тавдугаар дүр нь Лувсанданзан-пэрэнлэйтогмид /Чулуун/ /1862-1907/,зургадугаар дүр Жамьяндорж /1908-1912/, долдугаар дүр Цэрэндорж /1913-1937/ тодорч байжээ...
Ийнхүү цагийн ороо бусгааг дамжин 72 жилийн дараа наймдугаар дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Болдын 14 настай хүү Эрдэнэбат ламын гэгээний нутгаас тодорлоо. Наймдугаар дүрийг тодруулан 2010 оны 1 дүгээр сарын 23-нд Бурханы орон Энэтхэг Төвд рүү залж эрдэм номд шимтэн сругахаар үдэн гаргалаа. энэ өдөр арвандолдугаар жарны шороон үхэр жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн наймны харагчин тахиа өдөр Бээжинг зорьлоо.

АНИР ГҮМХЭН ...

Одод тэнгэртээ чимээгүй. Ийм үед анир гүмхэн байхаас өөргүй ээ. Бүтэн бодлын минь их давалгаа миний оюун тархинд яалт ч үгүй чимээтэй. Бодол маань өнөөх л гаргасан жимээрээ хол тэнгэрийн цээлд анирлана. Ингэж зах хязгааргүй, өнгө тунамал тэнгэрийн цээлд бодлоо нисгэчхээр нэг хэсэг л жингүйдэх мэт болно. Газрын бодол минь тэнгэрт амилна. Оддын анир гүмийг эвдэнэ. Хорвоогийн түмэн араншинг хол тэнгэрийн уудамд нэгд нэгэнгүй нэгжин бодохуйяа газарт тоос хөдөлгөж яваа минь ямар их завшаан бэ гэж өөрийн эрхгүй дуун алдмаар. Өнөөх л хүүхдүүдийн торгон зөөлөн энхрийхэн эрх дуу шуу...Өнөөх л өвгөдийн хэрсүүхэн хат суусан ухаант үгсийн аль нь ч тэнд байхгүй ээ. Зах хязгааргүй цэнхэрлэг ертөнц бүр л зах хязгааргүй мэт алсраад учир битүүлэг. Их цаашилвал өнөөх задгай сансарт гарч газрын татах хүчнээс мултарна...Энэ хоёрын дунд л, дээдсийг төрсөн гэх домгийн улбаатай бурханы шүнтэй үгс оюун бодолтой минь хамт тэр цээлийн цээлд нэг л юмыг эрж хайх мэт ээ...Гэлээ гээд юу ч олдохгүй, юу ч тохиолдохгүй анир гүмхэн. Бас ч нэг тийм сэрүүхэн сэвсгэрдүүхэн мэдрэмж хааяа төрөхүй бодол жихүүцнэ. Ертөнцийн анир гүмд хүний бодол ганцаардана. Бурхадын суугаа нутаг гэж өөрийгөө тайвшруулахыг хичээвч нэг л биш ээ...Буянтай дээдсийн минь хутаг оршсон аглаг гэж бодохуйд хөлс дааварлах мэт болоод бас л анир гүмхэн...Ер нь л анир гүмхэн ертөнцийн адвиш жаяг энд оршоод байх шиг...Нэгэнтээ анир гүмхэн нутаг ус минь гэж хөдөөдөө очоод хөөрүү сэтгэлээ дарж ядан хэлж билээ...Түүнээс ч анир гүмхэн. Ингэж бодолтойгоо хөлсөж анир гүмийн ертөнцөөр хэрэн бэдрэхүйеэ газрын амьдрал минь гар сэтгэлээс чангаагаад болохгүй нь... Уяатай ботго эхдээ тэмүүлэвч, гадсаа л тойрдог газрын “диваажин”-г бид санахгүй байхын арга алга даа...Хэрэвзээ ингэж хар нялхаас нь л эжийд нь тэмүүлүүлэхгүй бол тийм өгөөмөр агшин, зөн билэг ботгоны хүрэн хүртэхүйд мэдрэгдэх ч юм уу, үгүй ч юм уу ...Алсын алс тойрогт гялбаад өнгөрөх холын борооны үүл, аянга цахилгаантайг мэдрүүлэх мэт тэнгэрийн хаяаны шингэн буурал хаяанд сураг төдий гэрэлтээд нам гүмхэн болно...Улмаа ч харанхуй болчих шиг...Улмаа ч нам гүмхэн болчих шиг. Чөлөөт бодлынхоо анир гүмийг эвдэж, чөдөртэй нутагтаа бодол минь газардахад ай даа гэх халуун үгс тодорч анир гүмийг эвдэх нь яасан жаргалтай вэ...Бодлын доторх түмэн учрал минь нуруугаа амраа даа...Тэнгэрт цагаа болохоор очдог ертөнцийн жамыг ч яалтай. Анир гүмхэн гэдэг хүсээд байх зүйл биш шиг ээ...Анир гүмийг зорин тэмүүлдгийн учир хүмүүний урсгалд цаг мөнхөд оршсоор л...Анир гүмхэн. Одод чимээгүй гялбалзана...

2008 оны 12 дугаар сар 10 өглөөний 5.00

Thursday, January 21, 2010

Хусам

Дээрээ дэн шаргал
Дундаа дун цагаан,
Доороо азай буурал...
Ийм нэг оньсого мэдэх үү? Газар, тэнгэр, үүл гурав гал дээр загсчихсан юм шиг дэврүүн бодол намайг эзэмдэнэ. Ай даа... Хөдөө ээж хоёрыгоо санах минь... Намар оройтоод ирэхээр үхрийн сүү өтгөрч өрөм зузаарна...
Ээж минь сүүгээ хөөрүүлж тэнгэр сүлэгдтэл самрах нь тооноор нэг их гэрэл гэгээ татах мэт. Энэ гэрэл гэгээ үүлэнд хүрч, хур ивлэн тэнгэр хямрах шиг болно. Аргалын гал зөөлөн хөхөлбийтөн төөнөж сүү аяндаа загсана. Хуруу зузаан дарайсан шаргал өрмийг маргааш нь ээж голоор нь нугалан хавтгай модон дээр тавина. Энэ бол ээжийн түлсэн зөөлөн галын шид ээ...Нар шингээсэн шаргал үүл шиг өрмөө хамуулсан цагаан сүү миний сэтгэлийн тэнгэр мэт ээ...Энэ тогоотой сүүн тэнгэрийн өлмийд хөөрхий муу ээжийн минь хөлөө эцтэл цуглуулж өрдсөн аргалын галын илчинд цагаан тэнгэр сүүгээ аргадаж алгаа дэлгэсэн азай буурал хусам бий. Бусдын төлөө гэсэн буурал дээдэс минь санагдана. Ай даа...

Гурван цагаан юм...

/эсээ/

Хүүхэд ахуйд алдарт эрдэмтэн зохиолч ЦэндийнДамдинсүрэнгийн
“Хоёр цагаан юм” гэдэг эмгэнэлтэй ч юм шиг өгүүллэгийг уншиж бяцхан ухаандаа ухаарч ядаж байлаа.. . Олон жилийн хойно хонгор залуу насаа үдэхийн ялдамд “Гурван цагаан юм”-ны тухай бодолхийлэх болжээ. Хүмүүний ертөнцөд ээж ааваа баярлуулан уйлж ирэхдээ өмгөр улаан амтай нялзрай амьтан байсан даа...Удалгүй тэр өмгөр улаан аманд цахиур цухуйж эхний “цагаан юм” ургаж эхэлнэ...Үүнийг сүүн шүд гэх болой. Сүүн шүд эхлээд амны төв хэсэгт хосоороо гарч ирнэ. Тэгээд хоёр тийш нэмэн нэмсээр 6-7 жилд бүрэн ургаж эзэндээ идэхэд нь тус болсоор тав зургаан жил өнгөрнө. Тэгээд л нэг нэгээрээ сугаран унаад дуусна. Унасан ором дээрээс нь ясан шүд түрэн түрэн ургаж эхлэнэ дээ. Нэгэн үе ясан шүд ургаж эхлээд л сургууль соёлын мөр хөөдөг байлаа. Одоо бол унах ургахын зааг дээр л эрдмийн мөр хөөж ангаахай багын өд далиа дэвж эхлэх юм. Цаг хугацаа ийм яаруу болчихсон юм бол уу...Удаан хөл болоод хэлд орсон хүүхэд урт насалдаг хэмээн хэлэлцдэг сэн...Ямартай ч хүмүүн гэгч гурван цагаан юмны завагт л цагийн жамыг угтаж үддэг болой... Ясан шүд яралзуулж явахад даанч сайхан. Голгүй болтол хатсан ааруулыг голоор нь тас хийтэл хазаад л...Хүмүүн заяаг эхэлж тоссон аман дахь ясан сувдаа гамнаж яваарай...Цагийн жамаар сүүн шүд шигээ унаж эхлэнэ ээ...Тэр цагт өвгөн хүн нялх хүүхдийн адил асаргаа шаарддаг. Орчлон эргэж буй нь тэр...Эхний цагаан юм энэ болой...
Удаах цагаан юм...Толгойд бууралтаж эхлэнэ. Санчиг дамжин тэргүүнд авирах тэр цагаан юмыг насны хяруу хэмээн бэлэгшээнэ. Яргуйн гөрөөс шиг л явсан сан...Ялдам сарны гэгээнд нэг л өдөр санчиг гэрэлтэх нь ухаан нэмэх шиг...Бодол долгилох шиг...Хүүхэд өсч том болсныг, хөтөлцөөд айл хэсэхээ больсныг тэгэхэд л мэднэ. Ай даа... Цагийн шувууд өд сөдөө ингэж л гээнэм зэ. Санчиг буурал ээжийгээ гээд л уянгаар зуурч бодолхийлдэг тэр сайхан дуу өнөөдөр л надад хүрээд ирлээ дээ... Тосох уу, болих уу...Тоотой насыг яалтай. Өвлийн өвгөний “имидж” нь цагаан сахал цагаан санчиг, цагаан буурал үс тэргүүтэн байдгийг хүүхэд ахуйгаас өдий хүртэл харж явна... Ганцхан цэн дурсамж зурсхийлгэхэд манай сургуулийн ёолкны өвөөг бид тааж ядан хэлэлцдэг байлаа. Тэгтэл майжгий эсгий гутлаар нь нэг л шинэ жилээр таньчихлаа. Сургуулийн галч Ооёогийнх байсан шүү...Ингээд л өвлийн өвгөн үнэхээр ирдэггүй гэж ойлгосон. Тэр үед Ооёо ахад цагаан санчиг ч ургаагүй, цагаан сахлын ч сураггүй, цагаан буурал тэргүүн ч байсангүй. Тас хар үстэй эр дунд насны л хүн байж билээ... Гэнэн насаа тэр жилийн ёолкоор л гээчихсэн санагдана. Хоёр дахь цагаан юм ийн түүх өгүүлнэм. Үнэнийг айлднам. Үсэн бууралтахын цаг доор үг хүртэл бууралтдаг жамтай... Буянтай дээдсийнхээ буурал үгийг авууштай...
Төгсгөлийн цагаан юм. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлтгэнэ” гэж тун ч оносон нэг үгийг ард түмэн хэлэлцсээр он цагийг дамжуулан одоод аваад ирсэн...Олон талаас нь ойлгож болно. Юуны ч туханд хүрээгүй их их амлах...ыг л гол нь хэлээд байгаа юм бол уу даа...Юутай ч энэ бол болоогүй, өөрөө үзэж харж амжаагүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Жамын буурал хорвоод заавал дайрдаг гурван цагаан юмны төгсгөлийнхийг бид өөрөө үздэггүй үр хүүхэд л анзаарах ажаам... Бага насны тэргэл өдрүүд хонины бэлчээр , адуу тэмээний эрэлд явахдаа хөдөө буйд хунх хонхор, налгар дэвсэг голдуу газар ийм цагаан юмтай тааралддаг сан. Бурхан болоочдыг хөдөөлүүлсэн тэр өлзийтэй газар, хэдэн жилийн дараа ийнхүү нэг цагаан юм цавцайдаг. Бурханы шувуу таалаад яс нь л үлддэг... Хөх дөлтэй фосфор ялгаруулж, хөхөлбий шөнө гэрэлтэх шиг болдог тэр цагаан юмыг одоо тэгтлээ үзэхээ больж дээ... Хааяа сүм хийдийн үзмэр дотор гавал аяга, ганлин бүрээнээс л олж харахуй...Хөөрхий эмгэнэлтэй шүү..Арван найман настай анхил залуу бүсгүйн дунд чөмөгний ясаар хийдэг ганлингийн харамсалтай нь аргагүй гангинан дуугарах бүрийд сэтгэл сэмэрч бодлын хяраанд нэг юм очоод айсан туулай шиг хярчихдаг сан... Тавилангийн үүдийг хаалтай биш.
Хүмүүний алтан үе ийнхүү гурван цагаан юмны дунд түүх элээнэм... Яснаас ясанд хүртэл амьдарнам...Тэгээд ч:
“Өсөхөд шүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан”... хэмээж гантигласан болой. “Гурван цагаан юм”-аа гэж....



2008 оны 12 дугаар сар 26

ТЭНГЭРИЙН ДЭЭЖ

Наран ёсоороо мандаж, зүүн уулын цаанаас алтан туяагаа асган асган хөөрлөө...Энэ алтан туяа гэрэлтэн гийгүүлэхийн шидээр тэнгэрийн өнгийг гүн цэнхэр болгож, тэнгэр нь алсын уулсад тэр л цэнхэр өнгөө шингээсээр өнгөт орчлонд өдөр болдог. Нас ахихын хирээр бодол нь алсарсан Дорж өвгөн эртлэн сэрж, үүрийн шаргал туяа зэсийн өнгөөр хаяарахыг харахдаа, дүүлгэр залуу насандаа өдийд чухам адуу хураагаад л ирж байдаг сан гэж бодно.. Үүрийн зэсэн туяа үүрсэх хүлгийн шаргал тоос холилдоод наран мандахын өмнө нэг их зохирол бий болдгийг тэр үед ингэтлээ ажиглаж байсан юм бол уу даа....Ер нь ч тэгээд шингэх нарны доогуур олон мал тоосрон явахуйг гэрийн хаяагаар харах мөн ч сонин шүү... Тийм өнгийг ямар гэгч зураач яаж ч урлаад гаргамааргүй дээ...Үүл хүртэл жаргах нарны дээхнэ улайдчихсан чулуу шиг улаан ягаан болоод туяарчихна...Тэнгэр тэр чигээрээ улааран шаргалтана. Энэ шаргал туяаны доогуур малын хөлийн их тоос сайхь туяатай сүлэлдэн үлгэрийн мэтэд хувилахад хөөрүү сэтгэл дагаад л хөвөлзчихнө...
Нэг ийм алсыг чимээлсэн өглөөний тув тунгалаг дунд Дорж гуайн бодол сэтгэл тэр чигээрээ умбан шумбан бодолхийлжээ...
Миний байж байгааг дээ...Хичнээн ч өглөөний ийм гэгээнд хөдөө хээр давхиж явав даа. Одоо ч биеийн чилээ гаргаж суниах төдийгөөс хэтрэхгүй, шээснийхээ газраас цааш холдохоо байлаа даа. Нас ч холдож, тэнгэр ч холдож...
Үүрч дүүрч өсгөсөн хэдэн хүүхэд нь амьдралын мөр хөөгөөд явцгаасан. Үгэлж дуулж насыг барсан хөгшнөө хөдөөлүүлчихээд хориод хонож байдаг. Хорвоо гэдэг цуглаж төрөөд цувж үхдэг үнэний хуулиа хэзээ ч өөрчлөхгүй дэг. Тэр нь ч зөв биз...Ингэж хатуу мөрдлөг болгодог нь нэгэн бодлын гайхмаар ...нөгөө бодлын харамсалтай ч юм шиг. Тэгтэл манай их төрийн хууль ингэж мөрдөгддөг бол бид ер нь ямархан байх бол оо...гэх зуур Дорж өвгөн салхи сэвэгнэх шиг болоход талийгчийнхаа оготор даавуун дээлийг хумисхийгээд алсын уулс, холын тэнгэрийг чимээгүйхэн ширтэн зогссоор... Үүр цайх дөхөж л байна даа...
Ер нь хорвоогийн энэ хууль мөрдөгдөхөө больж, хорхой шавьж шиг олуулаа болчихвол бид ер нь яаж шүү амьдарцгаах юм бол оо...Арга бачтай нэг нь, мөнгө цаас энэ тэр болж, үхлээс мултрахыг хичээн зүтгэж, өргөл барьц авилга хээл хахууль гэдэг ч дэвэн дэлхийгээр нэг юм болох байсан биз... Цагаа болохоор дээдэс доодос ялгаа нь үгүй хөхрөгч тэнгэрийн алсад одохыг хатамжлан биелүүлдэг хорвоогийн энэ хууль мөрдөгдөж байгаа нь яамай даа гээд бахархалтай нь аргагүй суниалаа....
Хэдэн хүүхэд нь эхийгээ хөдөөлүүлчхээд явцгаасан. Галын дэргэд төрсөн ганц зээ нь юмны учир тэгтэлээ ойлгох нас болоогүй ч хүний бараатай, гарын үзүүрт нэмэртэй. Энэ халтар хүүхэдгүй бол би ч ганц хонохгүй дэг ээ... Миний муу зээ өвгөн намайг ингэж гансарч байгааг төсөөлөө ч үгүй унтаж байгаа шүү дээ... Хөгшин хонины насгүй болсон намайг хичнээн жил бараадах вэ...Эртхэн шиг эцэг эхэд нь өгч сургууль соёлын мөр хөөлгөх юм сан...Өвгөн ингэж бодоод гэртээ орохоор эргэв. Хаалгаа зөөлөн татаж орвол зээ нь нам л унтаж байна. Гал хөсөө түлж, тогоондоо хоёр шанага ус хийж цай үйлээ... Зуухныхаа аманд сууж гал дүрэлзэн шатахыг нь харлаа... Мөнөөх үүрийн шунхан улаан туяатай ав адилхан өнгөөр зуухны амаар галын дөл цоролзоно. Үнэндээ бол хөгшин минь тэнгэрт цайх үүрийн туяаг өглөө бүрий л голомтондоо үргэлжлүүлэн залдаг байж дээ гэх бодол зурсхийж байна. Хилэн улаан галын дөлөн дээр даргилсан цай гэдэг тэр чигээрээ үүрийн туяа, сэтгэлийн гэрэлтэй охь байдаг болохоор өглөө бүрийн цайны дээж надад тэр өдрийн урам зоригийг өгдөг байсан юм байна... Одоо л мэдлээ гэж амандаа гүвтнэв. Цайны дээж гэдэг үнэндээ тэнгэрийн дээж байжээ...Хөгшин минь надад өглөө бүр тэнгэрээ дээжлэн барьдаг байж. Одоо би хэндээ тэнгэрээ дээжлэх билээ дээ...Гуутай зурагных нь өмнө байгаа дээжний цөгцөнд л хийхээс цаашгүй...Тэр тэнгэрийн орноос хөгшин минь энэхүү дээжийг хүртэж байгаа гэж уужрахаас даа...Насаараа надад тэнгэрийн дээж барьсан хөгшиндөө холын холд одсон өдрөөс нь эхлэн цайныхаа дээжийг өглөө бүр авч орой бүр өргөж суухаас... Энэ л үед Дорж өвгөний зээ үл мэдэг хөдлөн сэрж байна... Холын холд одохын өмнөх ураг удмын үргэлжлэл нь энэ халтар зээ юм шүү дээ...Түүний гэгээн сэтгэлд одоо л үүр цайж байх шиг... Дөхөн очиж сэвлэгийг нь зөөлөн үнэрлэлээ. Хэн гэдэг хүний үрд тэнгэрийн дээжээ барих тавилан үнэгчилж байдаг юм бол доо. Хөөрхийс...
Өвгөн, даргилах цайгаа тэнгэрт самарч гэр дүүрэн гэрэл татахуйяа хоймрын авдар дээрх дээжний цөгц рүүгээ бөгтгөнөлөө. Тэнгэр өөд явж байгаа юм шиг санагдаж, хөгшнийхөө гуутай зурагных нь өмнө удаан гэгч зогслоо... Энэ өглөө шиг тэгж бодолхийлж, эрэгцүүлсэн нь үгүй ээ... Хөгшнийх нь дөлгөөн харц гар дагуулаад байх шиг санагдахад бушуухан эргэлээ. Тооноор дэлхэн даргилах шинэхэн цайны ууранд тэнгэр тэр чигээрээ гэрэл гэгээтэйгээ ороод ирсэн юм шиг гэрэлтэхэд дахин дахин цайгаа самармаар санагдана. Аргагүй л тэнгэрт самарсан тэнгэрийн дээж гэж үүнийг хэлдэг байжээ...гэж бодоод дээжний цөгцөндөө хийлээ... Тэнгэрийн дээж...Би азтай хүн явж дээ..Хөгшнөөсөө тэнгэрийн дээж хүртээд л өглөө бүр хоймор дүүрч суусан өвгөн Дорж ийн бодоод хоймороодоо эргэлээ...Дээжний цөгцөнд гэрэл дүүрч, тоонон цамхраа харагдлаа. Ай даа...хөгшин минь...Энэ л тооноор өнгийн харж байгаа юм шиг ээ...

2009.01.17

Ярьдаг сэтгүүл зүй буюу радио сэтгүүл зүй

Дэлхийн сэтгүүл зүйд цагийн аясаар орж ирсэн томоохон урсгал нь ярьдаг сэтгүүл зүй. Техникийн дэвшлийн үр дүнд бий болсон салбар юм. Энэ үгийг та анх удаа сонсож байж ч мэднэ. Сэтгүүл зүй өөртөө олон урсгал чиглэл, хэлбэр бүтэцийг агуулж ирсэн. Зарим нь баяжин дэлгэрч, зарим нь мөстөн үгүй болж байгааг бид мэдсээр байна. Сэтгүүл зүй бол нийгмийн амьдралын толь бичиг юм. Бодит зүйлийн боловсорсон мэдээлэл юм. Аливааг хүний оюун санаа руу дамжуулах арга нь л өөр өөр болохоос нэг л үндсэн зорилготой байдаг. Аль өнцөгөөс нь хэлж байгаа нь чухал болохоос өрнөн буй болсон үзэгдэл юмс нь нэг л обьект хэвээрээ байдаг.
Сэтгүүл зүйн онолын тухай олон зуун ном товхимол, судалгаа туурвил, арга зүй, сорил дадлагын бүтээл гарсан. Тэр бүхнээс суралцах нь зүйн хэрэг ч сэтгүүл зүйг бүтээж буй сэтгүүлч гэдэг өөрөө дахин давтагдашгүй бодгаль юм. Ертөнцийг харах билгийн нүд нь хүн бүхэнд өөр байдаг. Хэн яаж харж байгаагаараа, оюун санаандаа хэрхэн төсөөлж боловсруулж байгаагаараа л дүрсэлдэг. Ийм болохоор нэг талаас сэтгүүл зүйг онолоор сурахаас гадна, нөгөө талаас авьяасаар сурах явдал түгээмэл байсаар байна. Манай амьдралд сайн гэж онцлогдсон, хүмүүст танигдсан сэтгүүлчдийн 80 шахам хувь нь сэтгүүлчийн тогоонд чанагдаж, энэ мэргэжилийг албан ёсоор эзэмшээгүй өөр өөр мэргэжилтэй хүмүүс байдаг. Энэ үзүүлэлт юуг хэлээд байна вэ...Цөмөөрөө нийлээд бодоцгооё. Миний хувьд бодож бодож дэвшүүлэн буй санаа бол сэтгүүлчийн мэргэжил гэдэг авьяасын хөдөлмөр юм гэдэг нэгэн үзүүрт бодол юм. Үүнийг маш олон жишээгээр нотлоход бэлэн байна. Тэр илүүц биз. Миний эргэн тойронд аж төрж байгаа олон арван сэтгүүлчдийн дундаас цэвэр сэтгүүл зүйн том сэтгүүлч олоод ир гэвэл олдохуйяа бэрх. Баттайяа хэлье.
“Амьдрал урт богиноороо биш утга агуулгаараа хэмжигдэнэ” хэмээх ухаантай үгийг бидний үед “борцолж” авчирсан. Үүнийг санацгаая. Хойшдоо ч үхрийн борц адил муудахгүй улам л чанаржаад байх ийм сайхан үгсийн утга нь улам л гүн болж байна. Алсаас даялсан оршилоо энд үлдээе. Уншигч та үргэлжлүүлээрэй.
Ярих гэсэн цөм сэдэвтээ хандая. Энэ бол ярьдаг сэтгүүл зүй буюу радиогийн сэтгүүл зүй. Нэгэн үе дан ганцаараа ноёлж байсан Монголын радио өнөөдөр олон дүүтэй болжээ. Дүү нар нь цаг үеэ дагаад хэл жаахан муутай л байна. Дүү нараа дагаад бидний хэл бас муудчих вий гэж сэрэмжлэхийн ялдар энэ талаар цөөн санаа дэвшүүлье. Сэтгүүл зүйн арми сүүлийн 15 жилд ихээхэн өнөржсөн. Тэр тусмаа бүсгүйчүүдийн арми илт түрж гарсан. Энэ сайн л хэрэг байх. Тэднээс сэтгүүл зүйн дэвжээн дээр хэд хичнээн нь нэрээ мөнхөлж, бүтээлээ ботилохыг цаг хугацаа харуулна. Өнөөдрийн байр сууринаас харахад төрөлх монгол хэлээ маруухан мэдэх, ярианы түвшин, мэдлэгийн цар хүрээ нь дээр үеийн “арван хоёр мөнгөний дэвтэр” шиг нимгэн сэтгүүлч “хүүхдүүд” замаар нэг болжээ. Хүний ярьсныг тоть шиг хуулаад л биччихнэ. Үүнийг сэтгүүлч гэхээсээ зүгээр л шуудан зөөгч, дамжуулагч, хуулан бичигч гэж хэлвэл их дөхөж очмоор байна. Хэнээс ямар асуулт тавьж юу яриулахаа ч мэдэхгүй, монголын нийгэм эдийн засаг, байгаль орчин гээд бүхий л салбарын наад захын мэдлэггүй болохоор адуучнаас үнээний сүү сааль, тракторчноос фермийн аж ахуйн тухай, эдийн засагчаас гоо сайхны тухай асуух нь холгүй болж... Ганцхан жишээ хэлэхэд “Боос” үнээ бэлэглэлээ гэхээр залуу сэтгүүлч гайхаж, ямар үнээг “боос” үнээ гэдэг юм гэж дэргэдэх ахмад сэтгүүлчээс асуухад тэр нь адарсан ч юм уу, ёжилсон ч юм уу “дарга” үнээ гээд тайлбарлсан байна. Үүнийгээ улам лавшруулж том хар шил зүүсэн, тарган том гэж тодруулсан гэдэг. Хөөрхий өнөө залуу сэтгүүлч бараг үнэмшээд л байсан гэсэн... Энэ яриа үнэнээс үүдэлтэй юм шүү.
Радио сэтгүүл зүйг ярьдаг сэтгүүл зүй гэвэл илүү дөхөм ойлгогдоно. Зүгээр л яриад байх уу гэдэгт л сайн муу сэтгүүлчийн ялгаа зааг гарна. Ямар ч байсан л ярина. Энэ бол хөдөлшгүй үнэн. Яаж ярих вэ гэдэг нь сэтгүүл зүйн арга ухаан.
Тэгвэл яриа гэдэг өөрөө олон төрөлтэй. Хүүрнэж ярих, хүлцэнгүй ярих, адарч ярих, амихчилж ярих, аархаж ярих, яарч ярих, яншиж ярих, баттай ярих, бардам ярих, бахдам ярих, хэнэггүй ярих, хэнээрхэж ярих, хийгүй ярих, бодож ярих, болчимгүй ярих, болгоомжилж ярих, ёжилж ярих, ёгтолж ярих, егөөдөж ярих ерөөж ярих...гээд яваад байх жишээтэй. Энэ бүхнийг радио сэтгүүл зүй буюу ярьдаг сэтгүүл зүйд иш болгон судлууштай. Түүнээс ерөнхий сэтгүүл зүй шиг найруулал тэмдэглэл, сурвалжулага мэдээ энэ тэрхэн болоод явчихмааргүй байна. Сэтгүүл зүй судлаачдын өмнө энэ олон ярих хэлбэрийн зааг ялгааг гаргаад онолын түвшинд тодорхойлоод өгөх шинэ орон зай, одоо цагийнхаар бол ажлын байр байж л байна.
Ярьдаг сэтгүүл зүйд хамгийн чухал нь ярих урлаг юм. Энэ урлагийг хэр зэрэг эзэмшив гэдгээс бүх зүйл шалтгаална. Радио телеивиз хоёрын үндсэн ялгаа нь радио бол хүний чихэнд үгээр зурж үзүүлдэг, телевиз бол хүний нүдэнд дүрсээр үзүүлж сонсгодогт л байгаа юм. Түүнээс хоёулаа л яриад байдаг. Телевизд ярих урлагийн донжтой зүйрлэл дүрслэлүүдийг зураглаачийн хэлээр бодитой харуулах боломжтой бол радиод нүдэнд хүртэгдээгүй зүйлийг үгийн шидээр сонорын цээлд зурж үзүүлэхээр нөхөгддөг. Тэгээд ч агуу их сэтгэгч, эрдэмтэн Леонардо да Винчи “ Уран зураг бол нүдээр унших яруу найраг, яруу найраг бол чихээр сонсох уран зураг” хэмээн тодорхойлсон билээ.
Радио сэтгүүл зүйг ярьдаг сэтгүүл зүй хэмээн нэрлээд байгаа нь чухамдаа ярих урлагийг судлууштай гэсэн нэгэн үзүүрт санаа юм. Ярих гэдэг хүний сэтгэлд хүрч байж үр дүнгээ өгдөг сэтгэлгээний үйлчилгээ юм. Сэтгүүл зүй бол хүн ардын мэдээллийн хэрэгцээг хангах үйлчилгээ, сэтгүүлч бол энэ үйлчилгээг үзүүлэгч үйлчилгээний ажилтан юм. Хүргэж байгаа мэдээлэл нь бүтээгдхүүн юм. Энэ бүтээгдхүүний түүхий эд нь үг юм. Үг гэдэг амнаас нэг л гарвал алдагддаг долгионы хэлбэлзэл бүхий хийн урсгал юм. Тэр өөрийн чимээ авиаг үүсгээд агаар мандалд замхрагч нэгэн хий үзэгдэл шиг чанартай юм. Тэгээд ч монголчууд “ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн хэлэлцсээр ирсэн. “Дааганаас унаж үхдэггүй даравгараас унаж үхдэг” гэсэн хатуу үнэнийг ч хэлсээр сургасаар ирсэн. Энэ үүднээс нь бодоход сэтгүүлч хүн бол асар эмзэг, бас хүчтэй, яаж ч болзошгүй зэвсэгтэй хүмүүс. Ийм болохоор л “Мэсийн шарх эдгэрч үгийн шарх эдгэрдэггүй” хэмээх болгоомжлол гарсан байх аа. Болчимгүй хэрэглэсэн нэг үг ямар их гай сүйтгэл авчирч, насан туршийн уйтгар гунигт хүргэдгийг дээрх мэргэн үг тодорхолйж байна. Ярьдаг сэтгүүл зүйн судлах зүйл нь үг. Үгийг хэрхэн яаж амилуулахнь урлаг юм. Радиогийн туршлагатай найруулагчид хөтлөгч нэвтрүүлэгчдийг үг битгий унш, утга унш “ хэмээн ундууздагийг ухан бодож ухаарах хэрэгтэй . Ганцхан жишээ татья. “Ах хотоос ирэв” гэсэн энгийн өгүүлбэрийн “Ах” гэдэг үгэнд өргөлт өгвөл хэн ирсэн нь чухал, “Хотоос” гэсэн үгэнд нь өргөлт өгвөл хаанаас ирсэн нь чухал, “ирэв” гэдэг үгэнд нь өргөлт өгвөл ирсэн нь чухал санааг гаргаж өгдөг байх юм. Бүх үг, өгүүлбэрт ийм өргөлтийн утга байдаг. Энэ бол ярьдаг сэтгүүл зүйн амин чухал асуудлын нэг яах аргагүй мөн.
Үг утгын холбоон дунд үүсэх яриа гэдэг олон төрөлтэй.
Аман яриа, шог яриа, явган яриа, хүүрнэл яриа, уйтгарт яриа, хөгжөөнт яриа, хоржоонт яриа, улигт яриа, дэврүүн яриа, дэгжин яриа, чамин яриа, эгшиглэнт яриа...гээд бас гараад байхаар олон зүйл бий. Энэ бүхнийг нэг бүрчлэн тодруулж, утга донжийг нь ялгамжилж, хаана, хэзээ, хэрхэн яаж хэрэглэхийг нь тодорхойлж өгөх нь ярьдаг сэтгүүл зүйн бас нэг үүрэг.
Өнөөдөр хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн гэдэг том үзүүлэлтээр бараа бүтээгдхүүнийг зах зээл шалгаж шалгаруулж байна. Ярьдаг сэтгүүл зүй ч ялгаагүй. Мэдээллийн зах зээл дээр бүтээгдхүүнээ хэрэглэгчдээр л үнэлүүлэх учиртай. Радиогийн сэтгүүлч хэн боловч нийгмийн харилцаанд өрнөж буй чухал зүйлийг хүнд хүргэх арга болсон яруу тунгалаг монгол үг-түүхий эдээр урлаг мэт, бүтээл мэт бүтээж чадна тэр л сайн сэтгүүлч, сайн бүтээгдхүүн нийлүүлэгч болж үнэд хүрнэ. Үнэлэмж нь нэмэгдэнэ. Түүнээс заавал хөрөг, найруулал, сурвалжлага, тэмдэглэл бичснээс болохгүй. Ярьдаг сэтгүүл зүйн гол арга болсон үгийн дүрслэл сайн, ярьж буй сэдвийн үнэн байх чанар , зайлшгүй сонсох хэрэгцээ, дууны өнгө хэмжээ, аялага өргөлт, айзам цохилго, зогсоц гээд бас ч олон дагнаасуудын шаглааг тааруулах нь тухайн хөндсөн сэдвийг хүнд хүргэхэд нөлөөтэй. Радио сэтгүүл зүйг үнэлэх цэгнэхэд энэ бүхэн хэрэгтэй. Сэтгүүлчийн хөдөлмөрийг уншигч сонсогч үзэгч л үнэлдэг болохоос хөндлөнгийн сэтгүүлзүйн төлөөлөл үнэлээд суудаггүй юм. Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг цагийн аясаар үнэлэгддэг болохоос цаас барьсан нэгэн үзэгний үзүүрээр дүн тавьдаг хөдөлмөр биш. Тоосго бол хэмжээ даацаас эхлээд тов тодорхой стандарт үнэлэмжийн зэргэмжтэй байдаг. Тэгвэл сэтгүүл зүйд тийм шаблон байдаггүй. Хэн яаж хүний сэтгэл зүрхэнд хүртэл ярьж чадаж байгаа нь , ярьж байгаа зүйл нь / мэдээллийн бүтээгдхүүн нь/ хэрэглэгчид хэрэг болж байгаа нь л түүний үнэлгээ болохоос нэг хүн сонсоод энэ тийм, тэр ийм гэх нь даанч өрөвдмөөр зүйл... Ярьдаг сэтгүүл зүйн үнэлгээ нь олон түмэн. Сонсож байгаа хэрэглэгч юм. Гагцхүү өнөөдөр ярьдаг сэтгүүл зүйн онол судалгааны ажил сураггүй болж, ерөнхий сэтгүүл зүйн хэдэн төрөл жанраар дулдуйдаж суугаа нь харьцангуй олон жилийн түүхтэй монголын үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн дангаар ноёрхож суусны үр дүн, мэдлэг мэдээлэлд хандаж буй дүр төрх нь мөн.
Ярьдаг сэтгүүл зүйн нийгмийн өмнө хүлээсэн нэг том үүрэг бол үндэстний хэл аялгууг журамлаж байдагт оршино. Энэ чанараараа тусгаар тогтнолын асуудлыг хамгаалж байдаг гэж хэлж болно. Цэрэг эрс хил дээр зогсож эх орноо манах, радио сэтгүүлчид цэвэр монгол хэлээрээ ярьж, эх монгол хэлнийхээ энхийн манаанд зогсож байдаг. Тийм болохоор манаач нь “мангар мангар” үг хэрэглээд, гудамжны алиа марзан /жаргон/ үг сандчаагаад, харийн “хангал” үгэнд монгол эмээл, хазаар тохинуулаад эрлийз /гебрид/ болгоод байвал эх хэлнийхээ дархан чанарыг алдахад ташуур өгч байна л гэсэн үг ээ... Хэл мөхвөл улс мөхдөг тухай бид зөндөө л сонсож, бас даган цэцэрхсэн түүхтэй. Ярьдаг сэтгүүл зүйн дорвитой судалгааг эхлүүлэх цаг болжээ. Энэ судалгааг радио буюу ярьдаг сэтгүүлзүйн томоохон лаборатори болсон Монголын үндэсний радиогоос эхлэх хэрэгтэй. Онолын түвшинд цэгцэрсэн ярьдаг сэтгүүл зүйн онолыг боловсруулсан тийм эрхэм сэтгүүлчид бий болвоос мань мэтийн амьдралын хар ухаан, авьяасын өчүүхэн цучлаараа зүтгэж яваа хүсүүст гэрэлт зам зааж өгөх нь дамжиггүй. Ярьдаг сэтгүүл зүйн “ланжгар”-уудаар үнэлүүлж цэгнүүлж суувал, зэмлүүлж загнуулж явбал нэн бахархалтай санагдаад байна.



2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Нутгаа яваад ирлээ...

Холын холоос зүүдэнд сүмбэрлэсэн их Алтайгаа зориод ирлээ.
Хорвоод ийм цагаан дэлхий байдаг билүү гэмээр л байна.
Цасан буулганд ноолуулсан өндөр өнäөр Алтай минь алжаангуй
Цагаан цагаан оргилууд тэнгэрт атаархах мэт жавар сөржээ...
Цагаан сүүгээ өргөдөг их Алтайн зон олон жаварт алгадуулж
Цан хүүргийн дунд хэдэн малынхаа нүд анихыг харж зогсоно...
Ай даа..Ихийн их Алтай минь байгалийн шалгаруулалт явуулж байна уу даа...
Зуд зулагтай л гэдэг...зургаан сар яагаа ч үгүй л байна...Малчид минь та нарыг өрөвдөн хайрлахын үзүүрт, өнөө цагийн сэтгэлгээнд суралцаач гэж хэлмээр байна...Радиогоороо зөндөө их ярина даа...