Tuesday, August 17, 2010

Малгайн доор толгой байдаг хорвоод
Манан дунд уулс байдаг дэлхийд
Дуу эс хүрэх газар гэж бий
Дуугаа хурааж суух өдөр бас бий...
Толгойн дотор ухаан залардаг хүмүүнд
Тоотой насанд үхэл ирдэг тавиланд
Ухаан эс хүрэх ухаарал гэж бий
Уйтгарлаж суух өдөр бас бий...


Friday, August 13, 2010

Нутгаасаа ирлээ...

Говь нутаг холын холоос цайвалзаад, хөнгөн цэнхэр зэрэглээндээ хүлүүлж дүнсийгээд...алсад их Алтайн цаст оргилууд сэрүү татаад...Би нутаг руугаа гүйгүүл морин адил очиж явна...Нутаг минь намайг урин дуудаад сэтгэлийн гэгээн үзүүрт торолзоод л байна. Өвгөд минь бодогдож байна. Байгаа нь хэд билээ...Уул усандаа шингэсэн нь хэд билээ... Ухаан хүрэхгүй цэлэмгэр тэр их талыг туулаад очно. Хэн угтах билээ... Хэн эс угтах билээ...Нутаг минь цэнхэртээд...Уул усаа гэсэн миний уяруу зөөлөн ухаан саяхан толгойлсон хөмүүлийн ягаан цэцэг шиг болчихжээ...Хөмүүлийн толгой ягаанаараа намрын сар гарчхаад байдаг...Говь нэг л ийм дээ...