Wednesday, June 27, 2012

Өнөөдөр сонгуулийн өдөр. Хэндээ санал өгч, хэнээр төрөө бариулах вэ...Тун ч эргэлзээтэй...Гэхдээ энэ бол түүх. Түхийн алтан хором урсаад өнгөрлөө. 

Ном бол түүхийн өлгий юм.  Түүх гэдэг эхлэл төгсгөлгүй цаг хугацаа юм.  Аль нэг хэсгээс нь  залж аваад аль нэг хэсэгт нь  уурга зүүгээд алддаг алдуул хүлэг юм.  Гагцхүү нэг нь алдаж ахуйд нөгөө нь амдаж байдаг учиртай утгатай, ёстой жудагтай  зүйл ээ... Түүхийг хэн ч бичиж болно.  Нэг талаас түүх бол бэлэн зэхээний зүйл.  Хажуугаар нь хэнэггүй өнгөрсөн хүн л түүхээ гээчихдэг. Түүнээс өдөр өдрийн тэмдэглэлээ цуглуулаад байваас түүх  өөрөө өөрийгөө биччихдэг. Би ингэж боддог.

Tuesday, June 26, 2012

элэг
Хөх хөх уулсад минь  түмэн түмэн чулууд бий. Тэр чулуун дотор элгэн хүрэн өнгөтэй ч байдаг. Илбийн цэнхэр өнгөтэй ч бий. Танан цагаан, тас хар, үнсэн саарал, үгээр хэлэхийн аргагүй солонголог,  өнгөөр зурахын эцэсгүй тунамал гээд олон янз даа...Чулуу бүхэнд байдаг үндсэн чанар нь  хатуу чанар. Тэгээд  ч чулуу шиг хатуу гээ биз... Гэвч гээд бодоход зөөлөн чулуу бас бий.  Билүү гэж өөрийгээ элээж өрөөлийг хурцалдаг  хавтгай хөх чулуу бий.  Ус, нар, салхи ээлжлэн хүлхсээр байгаад мөлийлгөсөн элгэн хүрэн чулуу миний гарт байна. Энэ чулууг нэг талаас нь үзвэл хатуугаас хатуу, нөгөө талаас нь бодвол зөөлнөөс зөөлөн чулуу...Элгэн хүрэн чулуу л даа.  Гарт зөөлхөн гөлгөр гулгасан энэ чулууг атгаад бодолхийллээ. Өнгөөр нь  дүйж нэрлэсэн юм бол уу, зөөлнөөр нь  зүйрлэж нэрлэсэн юм бол уу... Аль алинаар нь л байх даа.  Элгэн хүрэн чулуунаас үүдэн сэтгэл зүрхний минь  дотоод чинадад  элэг, элгэн садан, элгэн нутаг, элэг зөөлөн, элэг барих, элэг хөших хүрэл мөн ч олон салаа  салбар утга  шахцалдаж байх юм...
Ээ дээ элэг зөөлөн хүний үр гэдэг энэ хорвоогийн хамгийн нандин эрдэнэ дээ...Цээжин цаана эзнийхээ төлөө өвдөж зовж, гуньж гутарч,  инээж  эрдэж яваа  элэг минь...Чамд юу хэрэгтэй байна даа.
Элэг бодолхийлсэн ч үгүй шууд л... Инээд, сайхан сэтгэл хоёр л...гээд ээнэгших шиг болох юм. Би бодолхийллээ.. Амьдралдаа би элэг чамайг мөн ч их зовоолоо доо. Одоо харин...

Monday, June 25, 2012

Энэ гэрэлт өдрийн нарыг тэнгэр дүүрэн мандахад сэтгэлийн ариусал зүрхний гүнээс урсан урсан  та олонд минь хүрэг дээ... Өнөөдөр  нэг л өнгөтэй мбайна. Өр зүрхний цаана баярын совин гийгээд. Өгөөмөр  хүний өөдөөс алхаж яваа ч юм шиг...Өлгийтэй жаахан хүү  инээж байгаа ч юм шиг... Өвгөн буурал сургаал хэлж байгаа ч юм шиг... Өндөр тэнгэрийн доор нэг л сайхан совин татаад байна.  Өөдөөс мандах гэрэлт наран чамайг өвөртлөөд явах юм сан даа..