Saturday, November 20, 2010

ЦАС ОРЛОО...

Цас орлоо. Хүүхдийн сэтгэлийн өнгө ийм байдаг бол уу...Хайрламаар ариг цагаан цас. Хүүхдүүд дээр нь хөөрхөн мөрөө гаргах гэж яарна. Ээж аав нь гутлаа норголоо гэж үглэнэ. Тэд цасан хүн хийнэ. Оройхон хамаг хувцас нь норсон хөлдүү нойтон юм орж ирнэ. Хэрэг мандана. Хиргүй цагаан сэтгэлийнх нь өнгө цагаанаараа л ... Юу ч бичээгүй юм шиг. Маргааш нь дахиад л гарна. Бас л гулгана. Нэгэн лүүгээ цас шиднэ...Айлын цонх онож мэднэ. Тэгвэл шийтгэлтэй.
Цас орлоо. Цамцаа дэрвүүлэн гүйсэн хүүхэд нас минь бодогдоно. "Ард түмэн бол юу ч бичээгүй цагаан цаастай адил. Түүн дээр юу ч бичиж болно" гэж нэг даргын үг бий...Дарга биш ээ...Том улсын том удирдагчийн үг...Гашуун боловч үнэн үг. Манай дарга удирдагч нар бол лав хэлэхгүй үг. Тэд мэдэж байсан ч хэлэхгүй. Ард түмэн цагаан цаас гэдгээ мэдээд өөрийнх нь үзэл бодлыг бичүүлэхгүй бол яана гэж айна. Тэгээд л цээжин цаанаа хав дарчихна...
Цас орлоо. Эхийн цагаахан сэтгэлийн өнгө шиг, ариун цагаан сүүнийх нь өнгө шиг цас орлоо. Хог асгасан довцогоос эхлээд , алт агуулсан хөрс шороо, ядуу айлын ноорхой гэр, баян айлын тансаг байшин дээр хүртэл алагчлалгүй орлоо. Дэлхийд өвөл болсны зардас энэ цагаахан цасан дээр зөөлөн гишгэж чихруулан алхахдаа олон зүйлийг бодлоо. Энэ цасан дээр хөөрхөн хүүгийн мөр, нарийхан шөвгөр өсгийтэй гутлаар зэгзэгнэн гишгэсэн бүсгүйн мөр, хашаанаасаа гараад ойр ойр гишгэсэн буриад монгол гуталтай эмгэний мөр, харуй бүрийгээр яарсан бол уу гэмээр хол хол алхсан залуугийн мөр гээд юу эс байх вээ...Эрээлсэн дараалсан мөрүүд.... Үүнийг хараад өнөөх дарга удирдагч нар ард түмэн биднийхээ ариун цагаан сэтгэл дээр ингээд л бичиглэчихдэг байх даа гэж бодохын сацуу сэртхийнэ...Цас орлоо. Орсон цасан дээр хүн бүхэн мөрөө гаргаа даа...

No comments:

Post a Comment