ТОГЛООМ
Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэх...Миний бодлоор бол бүр ч их нутагтай. Хаана л бол хаана амьдрах. За энэ ч яах вэ...Нутаг минь их санагдаж байна. Элстэй өөжин, шорвог устай гар худгууд, хужир мараатай тойрмууд, хулан жороо нисч буусан харганатай толгод...ер бүгдээрээ нүдэнд харагдаад болохгүй нь. Нутгаа санахын жаргалтай зовлон миний цээжин цаана гөлөглөчихжээ. Нутаг гүйсэн адуу ингэдэг л байх даа... Нэгэнтээ би "Гүйгүүл морин" гэдэг дууны шүлэг бичиж ахуйдаа сэтгэл үймэрч, яавал нутаг руугаа очих вэ...гээд бодолхийлснээ...сэтгэл зүрх минь аль эрт тэнд оччихсон гэж уужирч байсан. Тэгээд л
"Ээжээ санасан сэтгэлийн хайраа
Гүйгүүл морины дэлэнд уямаар аа
Эцгийн гэрийн дулаан хоймортоо
Гүний нутгаас яаран очмоор оо..." хэмээн бичиж билээ... Нутгаа санах гэдэг эх орноо хайрлахын үүтгэл буюу...Манай нэг яруу найрагч "ядуу хүнд нутаг байдаггүй..." хэлж байсан. Үүнийг их л тунгаан бодож байлаа.Үнэн ч юм бол уу... Ёстой өнөө цагаан зээр, бүсгүй хүн хоёрын үлгэр л энэ байх гэж эрэгцүүлсэн. Хөөрхий муу ямаан хорхой эëñэн дээр саравгар мөрөө гарган гүйж явна. Түүнийг явж байгаа зүгээс нь өөр тийш болговол зөрүүд юм шиг эргээд л дайрдаг сан...Одоо эргээд бодоход нутгаа л тэмцэж байгаа тэр байх даа...Нутаг минь гүйгүүл хонгор сэтгэлд ирээд налайчихлаа. Дэрстэй товцогт нь хэдэн ямаа тургилан гүйж, тэртээх хадтай ухаагаар хонин сүрэг тааваараа бэлчээд энд нэг гэрийн буурины улбаан дээр эрт үеийн хятад шаазангийн эрээн хагархай он жилийг тээн гялалзаад... Би багадаа гоё эрээн шаазангийн хагархай нүүсэн айлын буурин дээрээс олвол хичнээн гоё тоглоом олсон шиг баяладаг байж билээ. Тэр хагархайгаа нандигнан хадгалж, нүүдлээс нүүдэлд ер хаяхгүй шүү дээ. Айл саахалтын хүүхдүүдэд тэр л гоё хээтэй шаазангийн хагархайгаараа гайхуулна... Одоон цагийн хүүхдийн тоглоомын дэлгүүрт орохтой адил айлын гэрийн буурь хэсэх дуртай байж билээ... Бидний багын тоглоомыг нүүгээд явсан айл л үлдээдэг байж... Магадгүй манай гэрийн буурин дээр айлын хүүхдүүд ирж бас тоглоом олдог л байсан биз...Би хятад гангар хэдийг хагалж хүн болсон юм бүү мэд... Тэр бүхэнд айлын хүүхдүүд манай гэрийн буурин дээрээс ямар гоё тоглоом олж байсан бол...Нутгаа санахаар тоглоомоо л бодох. Надтай хамгийн ойр байж, миний баяр жаргалыг хуваалцаж, бас намайг тоож байсан хэдэн шаазангийн хагархай, элдэв дүрстэй чулуун тоглоомууд минь та нарыгаа их санаж байна. Х¿¿хä¿¿ä маань үүнийг ойлгохгүй л дээ...Тэд бол элдэв үсэрдэг цовхордог, орилдог чарладаг, буудалцдаг элдэв эрээн мяраан тоглоомоо санаж, тоглоомын газар үүр цүүр болтол ухаан алдан тоглодог оо л бодно. Буруу нь юу байх вэ....Цагийн юм цагтаа гэж энэ. Бидний үед хүүхдийн тоглоом гэдэг хээр хөдөө хөндлөн гудас байдаг, эх орон минь, эх нутаг минь тэр чигээрээ хүүхдийн парк байлаа. Дэлгэр зуны хөхөмдөг талдаа унтаж хоцорсон хэдэн унагаа уралдуулчихна...Хонины бэлчээрт шивээн толгой барилдуулчихна. Хонь үдлэхийг дэрсний толгойд хоргол хатгаад нарны цаг ашиглачихна...Тэгснээ нэг мэдэхэд " мэргэн гоодой" мэдсэн тийшээ унаарай гээд мэргэлчихсэн сууна... Юм бүхэн нь дэргэд хөлөөр нэг хөглөрсөн хүүхдийн цэцэрлэг шиг хөдөөд өссөн болохоор би нутгаа саналгүй дээ... Нутаг минь чи миний багын дүр төрхийг улам тод хадгалж байдаг болохоор би тоглоомоо арай ч илүү санаад байх шиг. Нутгаа санахын зөөлөн цагаан бодолд миний хэдэн тоглоом өнгө алаглаад л...
No comments:
Post a Comment