Thursday, January 21, 2010

Ярьдаг сэтгүүл зүй буюу радио сэтгүүл зүй

Дэлхийн сэтгүүл зүйд цагийн аясаар орж ирсэн томоохон урсгал нь ярьдаг сэтгүүл зүй. Техникийн дэвшлийн үр дүнд бий болсон салбар юм. Энэ үгийг та анх удаа сонсож байж ч мэднэ. Сэтгүүл зүй өөртөө олон урсгал чиглэл, хэлбэр бүтэцийг агуулж ирсэн. Зарим нь баяжин дэлгэрч, зарим нь мөстөн үгүй болж байгааг бид мэдсээр байна. Сэтгүүл зүй бол нийгмийн амьдралын толь бичиг юм. Бодит зүйлийн боловсорсон мэдээлэл юм. Аливааг хүний оюун санаа руу дамжуулах арга нь л өөр өөр болохоос нэг л үндсэн зорилготой байдаг. Аль өнцөгөөс нь хэлж байгаа нь чухал болохоос өрнөн буй болсон үзэгдэл юмс нь нэг л обьект хэвээрээ байдаг.
Сэтгүүл зүйн онолын тухай олон зуун ном товхимол, судалгаа туурвил, арга зүй, сорил дадлагын бүтээл гарсан. Тэр бүхнээс суралцах нь зүйн хэрэг ч сэтгүүл зүйг бүтээж буй сэтгүүлч гэдэг өөрөө дахин давтагдашгүй бодгаль юм. Ертөнцийг харах билгийн нүд нь хүн бүхэнд өөр байдаг. Хэн яаж харж байгаагаараа, оюун санаандаа хэрхэн төсөөлж боловсруулж байгаагаараа л дүрсэлдэг. Ийм болохоор нэг талаас сэтгүүл зүйг онолоор сурахаас гадна, нөгөө талаас авьяасаар сурах явдал түгээмэл байсаар байна. Манай амьдралд сайн гэж онцлогдсон, хүмүүст танигдсан сэтгүүлчдийн 80 шахам хувь нь сэтгүүлчийн тогоонд чанагдаж, энэ мэргэжилийг албан ёсоор эзэмшээгүй өөр өөр мэргэжилтэй хүмүүс байдаг. Энэ үзүүлэлт юуг хэлээд байна вэ...Цөмөөрөө нийлээд бодоцгооё. Миний хувьд бодож бодож дэвшүүлэн буй санаа бол сэтгүүлчийн мэргэжил гэдэг авьяасын хөдөлмөр юм гэдэг нэгэн үзүүрт бодол юм. Үүнийг маш олон жишээгээр нотлоход бэлэн байна. Тэр илүүц биз. Миний эргэн тойронд аж төрж байгаа олон арван сэтгүүлчдийн дундаас цэвэр сэтгүүл зүйн том сэтгүүлч олоод ир гэвэл олдохуйяа бэрх. Баттайяа хэлье.
“Амьдрал урт богиноороо биш утга агуулгаараа хэмжигдэнэ” хэмээх ухаантай үгийг бидний үед “борцолж” авчирсан. Үүнийг санацгаая. Хойшдоо ч үхрийн борц адил муудахгүй улам л чанаржаад байх ийм сайхан үгсийн утга нь улам л гүн болж байна. Алсаас даялсан оршилоо энд үлдээе. Уншигч та үргэлжлүүлээрэй.
Ярих гэсэн цөм сэдэвтээ хандая. Энэ бол ярьдаг сэтгүүл зүй буюу радиогийн сэтгүүл зүй. Нэгэн үе дан ганцаараа ноёлж байсан Монголын радио өнөөдөр олон дүүтэй болжээ. Дүү нар нь цаг үеэ дагаад хэл жаахан муутай л байна. Дүү нараа дагаад бидний хэл бас муудчих вий гэж сэрэмжлэхийн ялдар энэ талаар цөөн санаа дэвшүүлье. Сэтгүүл зүйн арми сүүлийн 15 жилд ихээхэн өнөржсөн. Тэр тусмаа бүсгүйчүүдийн арми илт түрж гарсан. Энэ сайн л хэрэг байх. Тэднээс сэтгүүл зүйн дэвжээн дээр хэд хичнээн нь нэрээ мөнхөлж, бүтээлээ ботилохыг цаг хугацаа харуулна. Өнөөдрийн байр сууринаас харахад төрөлх монгол хэлээ маруухан мэдэх, ярианы түвшин, мэдлэгийн цар хүрээ нь дээр үеийн “арван хоёр мөнгөний дэвтэр” шиг нимгэн сэтгүүлч “хүүхдүүд” замаар нэг болжээ. Хүний ярьсныг тоть шиг хуулаад л биччихнэ. Үүнийг сэтгүүлч гэхээсээ зүгээр л шуудан зөөгч, дамжуулагч, хуулан бичигч гэж хэлвэл их дөхөж очмоор байна. Хэнээс ямар асуулт тавьж юу яриулахаа ч мэдэхгүй, монголын нийгэм эдийн засаг, байгаль орчин гээд бүхий л салбарын наад захын мэдлэггүй болохоор адуучнаас үнээний сүү сааль, тракторчноос фермийн аж ахуйн тухай, эдийн засагчаас гоо сайхны тухай асуух нь холгүй болж... Ганцхан жишээ хэлэхэд “Боос” үнээ бэлэглэлээ гэхээр залуу сэтгүүлч гайхаж, ямар үнээг “боос” үнээ гэдэг юм гэж дэргэдэх ахмад сэтгүүлчээс асуухад тэр нь адарсан ч юм уу, ёжилсон ч юм уу “дарга” үнээ гээд тайлбарлсан байна. Үүнийгээ улам лавшруулж том хар шил зүүсэн, тарган том гэж тодруулсан гэдэг. Хөөрхий өнөө залуу сэтгүүлч бараг үнэмшээд л байсан гэсэн... Энэ яриа үнэнээс үүдэлтэй юм шүү.
Радио сэтгүүл зүйг ярьдаг сэтгүүл зүй гэвэл илүү дөхөм ойлгогдоно. Зүгээр л яриад байх уу гэдэгт л сайн муу сэтгүүлчийн ялгаа зааг гарна. Ямар ч байсан л ярина. Энэ бол хөдөлшгүй үнэн. Яаж ярих вэ гэдэг нь сэтгүүл зүйн арга ухаан.
Тэгвэл яриа гэдэг өөрөө олон төрөлтэй. Хүүрнэж ярих, хүлцэнгүй ярих, адарч ярих, амихчилж ярих, аархаж ярих, яарч ярих, яншиж ярих, баттай ярих, бардам ярих, бахдам ярих, хэнэггүй ярих, хэнээрхэж ярих, хийгүй ярих, бодож ярих, болчимгүй ярих, болгоомжилж ярих, ёжилж ярих, ёгтолж ярих, егөөдөж ярих ерөөж ярих...гээд яваад байх жишээтэй. Энэ бүхнийг радио сэтгүүл зүй буюу ярьдаг сэтгүүл зүйд иш болгон судлууштай. Түүнээс ерөнхий сэтгүүл зүй шиг найруулал тэмдэглэл, сурвалжулага мэдээ энэ тэрхэн болоод явчихмааргүй байна. Сэтгүүл зүй судлаачдын өмнө энэ олон ярих хэлбэрийн зааг ялгааг гаргаад онолын түвшинд тодорхойлоод өгөх шинэ орон зай, одоо цагийнхаар бол ажлын байр байж л байна.
Ярьдаг сэтгүүл зүйд хамгийн чухал нь ярих урлаг юм. Энэ урлагийг хэр зэрэг эзэмшив гэдгээс бүх зүйл шалтгаална. Радио телеивиз хоёрын үндсэн ялгаа нь радио бол хүний чихэнд үгээр зурж үзүүлдэг, телевиз бол хүний нүдэнд дүрсээр үзүүлж сонсгодогт л байгаа юм. Түүнээс хоёулаа л яриад байдаг. Телевизд ярих урлагийн донжтой зүйрлэл дүрслэлүүдийг зураглаачийн хэлээр бодитой харуулах боломжтой бол радиод нүдэнд хүртэгдээгүй зүйлийг үгийн шидээр сонорын цээлд зурж үзүүлэхээр нөхөгддөг. Тэгээд ч агуу их сэтгэгч, эрдэмтэн Леонардо да Винчи “ Уран зураг бол нүдээр унших яруу найраг, яруу найраг бол чихээр сонсох уран зураг” хэмээн тодорхойлсон билээ.
Радио сэтгүүл зүйг ярьдаг сэтгүүл зүй хэмээн нэрлээд байгаа нь чухамдаа ярих урлагийг судлууштай гэсэн нэгэн үзүүрт санаа юм. Ярих гэдэг хүний сэтгэлд хүрч байж үр дүнгээ өгдөг сэтгэлгээний үйлчилгээ юм. Сэтгүүл зүй бол хүн ардын мэдээллийн хэрэгцээг хангах үйлчилгээ, сэтгүүлч бол энэ үйлчилгээг үзүүлэгч үйлчилгээний ажилтан юм. Хүргэж байгаа мэдээлэл нь бүтээгдхүүн юм. Энэ бүтээгдхүүний түүхий эд нь үг юм. Үг гэдэг амнаас нэг л гарвал алдагддаг долгионы хэлбэлзэл бүхий хийн урсгал юм. Тэр өөрийн чимээ авиаг үүсгээд агаар мандалд замхрагч нэгэн хий үзэгдэл шиг чанартай юм. Тэгээд ч монголчууд “ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн хэлэлцсээр ирсэн. “Дааганаас унаж үхдэггүй даравгараас унаж үхдэг” гэсэн хатуу үнэнийг ч хэлсээр сургасаар ирсэн. Энэ үүднээс нь бодоход сэтгүүлч хүн бол асар эмзэг, бас хүчтэй, яаж ч болзошгүй зэвсэгтэй хүмүүс. Ийм болохоор л “Мэсийн шарх эдгэрч үгийн шарх эдгэрдэггүй” хэмээх болгоомжлол гарсан байх аа. Болчимгүй хэрэглэсэн нэг үг ямар их гай сүйтгэл авчирч, насан туршийн уйтгар гунигт хүргэдгийг дээрх мэргэн үг тодорхолйж байна. Ярьдаг сэтгүүл зүйн судлах зүйл нь үг. Үгийг хэрхэн яаж амилуулахнь урлаг юм. Радиогийн туршлагатай найруулагчид хөтлөгч нэвтрүүлэгчдийг үг битгий унш, утга унш “ хэмээн ундууздагийг ухан бодож ухаарах хэрэгтэй . Ганцхан жишээ татья. “Ах хотоос ирэв” гэсэн энгийн өгүүлбэрийн “Ах” гэдэг үгэнд өргөлт өгвөл хэн ирсэн нь чухал, “Хотоос” гэсэн үгэнд нь өргөлт өгвөл хаанаас ирсэн нь чухал, “ирэв” гэдэг үгэнд нь өргөлт өгвөл ирсэн нь чухал санааг гаргаж өгдөг байх юм. Бүх үг, өгүүлбэрт ийм өргөлтийн утга байдаг. Энэ бол ярьдаг сэтгүүл зүйн амин чухал асуудлын нэг яах аргагүй мөн.
Үг утгын холбоон дунд үүсэх яриа гэдэг олон төрөлтэй.
Аман яриа, шог яриа, явган яриа, хүүрнэл яриа, уйтгарт яриа, хөгжөөнт яриа, хоржоонт яриа, улигт яриа, дэврүүн яриа, дэгжин яриа, чамин яриа, эгшиглэнт яриа...гээд бас гараад байхаар олон зүйл бий. Энэ бүхнийг нэг бүрчлэн тодруулж, утга донжийг нь ялгамжилж, хаана, хэзээ, хэрхэн яаж хэрэглэхийг нь тодорхойлж өгөх нь ярьдаг сэтгүүл зүйн бас нэг үүрэг.
Өнөөдөр хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн гэдэг том үзүүлэлтээр бараа бүтээгдхүүнийг зах зээл шалгаж шалгаруулж байна. Ярьдаг сэтгүүл зүй ч ялгаагүй. Мэдээллийн зах зээл дээр бүтээгдхүүнээ хэрэглэгчдээр л үнэлүүлэх учиртай. Радиогийн сэтгүүлч хэн боловч нийгмийн харилцаанд өрнөж буй чухал зүйлийг хүнд хүргэх арга болсон яруу тунгалаг монгол үг-түүхий эдээр урлаг мэт, бүтээл мэт бүтээж чадна тэр л сайн сэтгүүлч, сайн бүтээгдхүүн нийлүүлэгч болж үнэд хүрнэ. Үнэлэмж нь нэмэгдэнэ. Түүнээс заавал хөрөг, найруулал, сурвалжлага, тэмдэглэл бичснээс болохгүй. Ярьдаг сэтгүүл зүйн гол арга болсон үгийн дүрслэл сайн, ярьж буй сэдвийн үнэн байх чанар , зайлшгүй сонсох хэрэгцээ, дууны өнгө хэмжээ, аялага өргөлт, айзам цохилго, зогсоц гээд бас ч олон дагнаасуудын шаглааг тааруулах нь тухайн хөндсөн сэдвийг хүнд хүргэхэд нөлөөтэй. Радио сэтгүүл зүйг үнэлэх цэгнэхэд энэ бүхэн хэрэгтэй. Сэтгүүлчийн хөдөлмөрийг уншигч сонсогч үзэгч л үнэлдэг болохоос хөндлөнгийн сэтгүүлзүйн төлөөлөл үнэлээд суудаггүй юм. Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг цагийн аясаар үнэлэгддэг болохоос цаас барьсан нэгэн үзэгний үзүүрээр дүн тавьдаг хөдөлмөр биш. Тоосго бол хэмжээ даацаас эхлээд тов тодорхой стандарт үнэлэмжийн зэргэмжтэй байдаг. Тэгвэл сэтгүүл зүйд тийм шаблон байдаггүй. Хэн яаж хүний сэтгэл зүрхэнд хүртэл ярьж чадаж байгаа нь , ярьж байгаа зүйл нь / мэдээллийн бүтээгдхүүн нь/ хэрэглэгчид хэрэг болж байгаа нь л түүний үнэлгээ болохоос нэг хүн сонсоод энэ тийм, тэр ийм гэх нь даанч өрөвдмөөр зүйл... Ярьдаг сэтгүүл зүйн үнэлгээ нь олон түмэн. Сонсож байгаа хэрэглэгч юм. Гагцхүү өнөөдөр ярьдаг сэтгүүл зүйн онол судалгааны ажил сураггүй болж, ерөнхий сэтгүүл зүйн хэдэн төрөл жанраар дулдуйдаж суугаа нь харьцангуй олон жилийн түүхтэй монголын үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн дангаар ноёрхож суусны үр дүн, мэдлэг мэдээлэлд хандаж буй дүр төрх нь мөн.
Ярьдаг сэтгүүл зүйн нийгмийн өмнө хүлээсэн нэг том үүрэг бол үндэстний хэл аялгууг журамлаж байдагт оршино. Энэ чанараараа тусгаар тогтнолын асуудлыг хамгаалж байдаг гэж хэлж болно. Цэрэг эрс хил дээр зогсож эх орноо манах, радио сэтгүүлчид цэвэр монгол хэлээрээ ярьж, эх монгол хэлнийхээ энхийн манаанд зогсож байдаг. Тийм болохоор манаач нь “мангар мангар” үг хэрэглээд, гудамжны алиа марзан /жаргон/ үг сандчаагаад, харийн “хангал” үгэнд монгол эмээл, хазаар тохинуулаад эрлийз /гебрид/ болгоод байвал эх хэлнийхээ дархан чанарыг алдахад ташуур өгч байна л гэсэн үг ээ... Хэл мөхвөл улс мөхдөг тухай бид зөндөө л сонсож, бас даган цэцэрхсэн түүхтэй. Ярьдаг сэтгүүл зүйн дорвитой судалгааг эхлүүлэх цаг болжээ. Энэ судалгааг радио буюу ярьдаг сэтгүүлзүйн томоохон лаборатори болсон Монголын үндэсний радиогоос эхлэх хэрэгтэй. Онолын түвшинд цэгцэрсэн ярьдаг сэтгүүл зүйн онолыг боловсруулсан тийм эрхэм сэтгүүлчид бий болвоос мань мэтийн амьдралын хар ухаан, авьяасын өчүүхэн цучлаараа зүтгэж яваа хүсүүст гэрэлт зам зааж өгөх нь дамжиггүй. Ярьдаг сэтгүүл зүйн “ланжгар”-уудаар үнэлүүлж цэгнүүлж суувал, зэмлүүлж загнуулж явбал нэн бахархалтай санагдаад байна.



2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

No comments:

Post a Comment