Friday, January 22, 2010

АНИР ГҮМХЭН ...

Одод тэнгэртээ чимээгүй. Ийм үед анир гүмхэн байхаас өөргүй ээ. Бүтэн бодлын минь их давалгаа миний оюун тархинд яалт ч үгүй чимээтэй. Бодол маань өнөөх л гаргасан жимээрээ хол тэнгэрийн цээлд анирлана. Ингэж зах хязгааргүй, өнгө тунамал тэнгэрийн цээлд бодлоо нисгэчхээр нэг хэсэг л жингүйдэх мэт болно. Газрын бодол минь тэнгэрт амилна. Оддын анир гүмийг эвдэнэ. Хорвоогийн түмэн араншинг хол тэнгэрийн уудамд нэгд нэгэнгүй нэгжин бодохуйяа газарт тоос хөдөлгөж яваа минь ямар их завшаан бэ гэж өөрийн эрхгүй дуун алдмаар. Өнөөх л хүүхдүүдийн торгон зөөлөн энхрийхэн эрх дуу шуу...Өнөөх л өвгөдийн хэрсүүхэн хат суусан ухаант үгсийн аль нь ч тэнд байхгүй ээ. Зах хязгааргүй цэнхэрлэг ертөнц бүр л зах хязгааргүй мэт алсраад учир битүүлэг. Их цаашилвал өнөөх задгай сансарт гарч газрын татах хүчнээс мултарна...Энэ хоёрын дунд л, дээдсийг төрсөн гэх домгийн улбаатай бурханы шүнтэй үгс оюун бодолтой минь хамт тэр цээлийн цээлд нэг л юмыг эрж хайх мэт ээ...Гэлээ гээд юу ч олдохгүй, юу ч тохиолдохгүй анир гүмхэн. Бас ч нэг тийм сэрүүхэн сэвсгэрдүүхэн мэдрэмж хааяа төрөхүй бодол жихүүцнэ. Ертөнцийн анир гүмд хүний бодол ганцаардана. Бурхадын суугаа нутаг гэж өөрийгөө тайвшруулахыг хичээвч нэг л биш ээ...Буянтай дээдсийн минь хутаг оршсон аглаг гэж бодохуйд хөлс дааварлах мэт болоод бас л анир гүмхэн...Ер нь л анир гүмхэн ертөнцийн адвиш жаяг энд оршоод байх шиг...Нэгэнтээ анир гүмхэн нутаг ус минь гэж хөдөөдөө очоод хөөрүү сэтгэлээ дарж ядан хэлж билээ...Түүнээс ч анир гүмхэн. Ингэж бодолтойгоо хөлсөж анир гүмийн ертөнцөөр хэрэн бэдрэхүйеэ газрын амьдрал минь гар сэтгэлээс чангаагаад болохгүй нь... Уяатай ботго эхдээ тэмүүлэвч, гадсаа л тойрдог газрын “диваажин”-г бид санахгүй байхын арга алга даа...Хэрэвзээ ингэж хар нялхаас нь л эжийд нь тэмүүлүүлэхгүй бол тийм өгөөмөр агшин, зөн билэг ботгоны хүрэн хүртэхүйд мэдрэгдэх ч юм уу, үгүй ч юм уу ...Алсын алс тойрогт гялбаад өнгөрөх холын борооны үүл, аянга цахилгаантайг мэдрүүлэх мэт тэнгэрийн хаяаны шингэн буурал хаяанд сураг төдий гэрэлтээд нам гүмхэн болно...Улмаа ч харанхуй болчих шиг...Улмаа ч нам гүмхэн болчих шиг. Чөлөөт бодлынхоо анир гүмийг эвдэж, чөдөртэй нутагтаа бодол минь газардахад ай даа гэх халуун үгс тодорч анир гүмийг эвдэх нь яасан жаргалтай вэ...Бодлын доторх түмэн учрал минь нуруугаа амраа даа...Тэнгэрт цагаа болохоор очдог ертөнцийн жамыг ч яалтай. Анир гүмхэн гэдэг хүсээд байх зүйл биш шиг ээ...Анир гүмийг зорин тэмүүлдгийн учир хүмүүний урсгалд цаг мөнхөд оршсоор л...Анир гүмхэн. Одод чимээгүй гялбалзана...

2008 оны 12 дугаар сар 10 өглөөний 5.00

No comments:

Post a Comment