Thursday, January 21, 2010

ТЭНГЭРИЙН ДЭЭЖ

Наран ёсоороо мандаж, зүүн уулын цаанаас алтан туяагаа асган асган хөөрлөө...Энэ алтан туяа гэрэлтэн гийгүүлэхийн шидээр тэнгэрийн өнгийг гүн цэнхэр болгож, тэнгэр нь алсын уулсад тэр л цэнхэр өнгөө шингээсээр өнгөт орчлонд өдөр болдог. Нас ахихын хирээр бодол нь алсарсан Дорж өвгөн эртлэн сэрж, үүрийн шаргал туяа зэсийн өнгөөр хаяарахыг харахдаа, дүүлгэр залуу насандаа өдийд чухам адуу хураагаад л ирж байдаг сан гэж бодно.. Үүрийн зэсэн туяа үүрсэх хүлгийн шаргал тоос холилдоод наран мандахын өмнө нэг их зохирол бий болдгийг тэр үед ингэтлээ ажиглаж байсан юм бол уу даа....Ер нь ч тэгээд шингэх нарны доогуур олон мал тоосрон явахуйг гэрийн хаяагаар харах мөн ч сонин шүү... Тийм өнгийг ямар гэгч зураач яаж ч урлаад гаргамааргүй дээ...Үүл хүртэл жаргах нарны дээхнэ улайдчихсан чулуу шиг улаан ягаан болоод туяарчихна...Тэнгэр тэр чигээрээ улааран шаргалтана. Энэ шаргал туяаны доогуур малын хөлийн их тоос сайхь туяатай сүлэлдэн үлгэрийн мэтэд хувилахад хөөрүү сэтгэл дагаад л хөвөлзчихнө...
Нэг ийм алсыг чимээлсэн өглөөний тув тунгалаг дунд Дорж гуайн бодол сэтгэл тэр чигээрээ умбан шумбан бодолхийлжээ...
Миний байж байгааг дээ...Хичнээн ч өглөөний ийм гэгээнд хөдөө хээр давхиж явав даа. Одоо ч биеийн чилээ гаргаж суниах төдийгөөс хэтрэхгүй, шээснийхээ газраас цааш холдохоо байлаа даа. Нас ч холдож, тэнгэр ч холдож...
Үүрч дүүрч өсгөсөн хэдэн хүүхэд нь амьдралын мөр хөөгөөд явцгаасан. Үгэлж дуулж насыг барсан хөгшнөө хөдөөлүүлчихээд хориод хонож байдаг. Хорвоо гэдэг цуглаж төрөөд цувж үхдэг үнэний хуулиа хэзээ ч өөрчлөхгүй дэг. Тэр нь ч зөв биз...Ингэж хатуу мөрдлөг болгодог нь нэгэн бодлын гайхмаар ...нөгөө бодлын харамсалтай ч юм шиг. Тэгтэл манай их төрийн хууль ингэж мөрдөгддөг бол бид ер нь ямархан байх бол оо...гэх зуур Дорж өвгөн салхи сэвэгнэх шиг болоход талийгчийнхаа оготор даавуун дээлийг хумисхийгээд алсын уулс, холын тэнгэрийг чимээгүйхэн ширтэн зогссоор... Үүр цайх дөхөж л байна даа...
Ер нь хорвоогийн энэ хууль мөрдөгдөхөө больж, хорхой шавьж шиг олуулаа болчихвол бид ер нь яаж шүү амьдарцгаах юм бол оо...Арга бачтай нэг нь, мөнгө цаас энэ тэр болж, үхлээс мултрахыг хичээн зүтгэж, өргөл барьц авилга хээл хахууль гэдэг ч дэвэн дэлхийгээр нэг юм болох байсан биз... Цагаа болохоор дээдэс доодос ялгаа нь үгүй хөхрөгч тэнгэрийн алсад одохыг хатамжлан биелүүлдэг хорвоогийн энэ хууль мөрдөгдөж байгаа нь яамай даа гээд бахархалтай нь аргагүй суниалаа....
Хэдэн хүүхэд нь эхийгээ хөдөөлүүлчхээд явцгаасан. Галын дэргэд төрсөн ганц зээ нь юмны учир тэгтэлээ ойлгох нас болоогүй ч хүний бараатай, гарын үзүүрт нэмэртэй. Энэ халтар хүүхэдгүй бол би ч ганц хонохгүй дэг ээ... Миний муу зээ өвгөн намайг ингэж гансарч байгааг төсөөлөө ч үгүй унтаж байгаа шүү дээ... Хөгшин хонины насгүй болсон намайг хичнээн жил бараадах вэ...Эртхэн шиг эцэг эхэд нь өгч сургууль соёлын мөр хөөлгөх юм сан...Өвгөн ингэж бодоод гэртээ орохоор эргэв. Хаалгаа зөөлөн татаж орвол зээ нь нам л унтаж байна. Гал хөсөө түлж, тогоондоо хоёр шанага ус хийж цай үйлээ... Зуухныхаа аманд сууж гал дүрэлзэн шатахыг нь харлаа... Мөнөөх үүрийн шунхан улаан туяатай ав адилхан өнгөөр зуухны амаар галын дөл цоролзоно. Үнэндээ бол хөгшин минь тэнгэрт цайх үүрийн туяаг өглөө бүрий л голомтондоо үргэлжлүүлэн залдаг байж дээ гэх бодол зурсхийж байна. Хилэн улаан галын дөлөн дээр даргилсан цай гэдэг тэр чигээрээ үүрийн туяа, сэтгэлийн гэрэлтэй охь байдаг болохоор өглөө бүрийн цайны дээж надад тэр өдрийн урам зоригийг өгдөг байсан юм байна... Одоо л мэдлээ гэж амандаа гүвтнэв. Цайны дээж гэдэг үнэндээ тэнгэрийн дээж байжээ...Хөгшин минь надад өглөө бүр тэнгэрээ дээжлэн барьдаг байж. Одоо би хэндээ тэнгэрээ дээжлэх билээ дээ...Гуутай зурагных нь өмнө байгаа дээжний цөгцөнд л хийхээс цаашгүй...Тэр тэнгэрийн орноос хөгшин минь энэхүү дээжийг хүртэж байгаа гэж уужрахаас даа...Насаараа надад тэнгэрийн дээж барьсан хөгшиндөө холын холд одсон өдрөөс нь эхлэн цайныхаа дээжийг өглөө бүр авч орой бүр өргөж суухаас... Энэ л үед Дорж өвгөний зээ үл мэдэг хөдлөн сэрж байна... Холын холд одохын өмнөх ураг удмын үргэлжлэл нь энэ халтар зээ юм шүү дээ...Түүний гэгээн сэтгэлд одоо л үүр цайж байх шиг... Дөхөн очиж сэвлэгийг нь зөөлөн үнэрлэлээ. Хэн гэдэг хүний үрд тэнгэрийн дээжээ барих тавилан үнэгчилж байдаг юм бол доо. Хөөрхийс...
Өвгөн, даргилах цайгаа тэнгэрт самарч гэр дүүрэн гэрэл татахуйяа хоймрын авдар дээрх дээжний цөгц рүүгээ бөгтгөнөлөө. Тэнгэр өөд явж байгаа юм шиг санагдаж, хөгшнийхөө гуутай зурагных нь өмнө удаан гэгч зогслоо... Энэ өглөө шиг тэгж бодолхийлж, эрэгцүүлсэн нь үгүй ээ... Хөгшнийх нь дөлгөөн харц гар дагуулаад байх шиг санагдахад бушуухан эргэлээ. Тооноор дэлхэн даргилах шинэхэн цайны ууранд тэнгэр тэр чигээрээ гэрэл гэгээтэйгээ ороод ирсэн юм шиг гэрэлтэхэд дахин дахин цайгаа самармаар санагдана. Аргагүй л тэнгэрт самарсан тэнгэрийн дээж гэж үүнийг хэлдэг байжээ...гэж бодоод дээжний цөгцөндөө хийлээ... Тэнгэрийн дээж...Би азтай хүн явж дээ..Хөгшнөөсөө тэнгэрийн дээж хүртээд л өглөө бүр хоймор дүүрч суусан өвгөн Дорж ийн бодоод хоймороодоо эргэлээ...Дээжний цөгцөнд гэрэл дүүрч, тоонон цамхраа харагдлаа. Ай даа...хөгшин минь...Энэ л тооноор өнгийн харж байгаа юм шиг ээ...

2009.01.17

No comments:

Post a Comment