Friday, December 17, 2010

ЗҮҮДЭН ТАРНИ

Зүүд. Гурван цаг доор амьдардаг энэ үзэгдэл юутай гайхалтай. Зүүд гэдэг зүрхэн тарни шиг зүйл ээ. Зүүдээ манадаг нь хэн билээ. Унтан бодож, бодон унтахын үүдэл. Нойронд сэргэг, номонд мэргэн хүмүүн байхыг өвгөд үлгэрлэн хэлэхийг нэг бус сонсож өссөн. Сэрэхийн аргагүй сайхан зүүд гэж бий. Сэрсэн хойно л гунигтай. Сэрэх гээд сэрээхгүй тамлаад байдаг муухай зүүд бий. Үүнийг "хар дарах" хэмээхүй. Ийм зүүднээс унтаа сэрүүн хоёрын яг зааг дээр хагацдаг. Нэг бол чангаар хашгиран орчноо чимээлж, эсвэл өөрийгөө дэлдэж байж хагацдаг. Ийм муухай зүүд сэрсэн хойно ч дэргэд байгаад байх шиг хэцүү... Бүр түүндээ автан сэрүүн зүүдэлж эхлэнэ. Зүүдээ манадаг хүмүүн заримдаа үзмэрч төлөгч болж, хүмүүний алс ирээдүйг дэнсэлсэн сураг дуулдах. Зүүд бол зөн. Зөн билэгийн алтан түлхүүрийг хэн тайлж чадна. Тэр ирээдүйд илүү итгэдэг. Тэгнэ ээ тэр тэгж зүүдэлсэн юм. Хөөрхий бурхан болоочийг зүүдлээд байна. Буян гуйж байгаа байх. ..гээд маань хэлж, хүрд эргүүлж, Ганданд ном уншуулах алийг тэр гэхэв. Энэ бол зүүдээ манаж буй хэрэг. Оюун бодлын алжаал тайлах дуг нойрондоо ч эзнээ үргэлж манаж байдгийн жишээ бол зүүд. Зүүд гэдэг аргагүй л зүүдэн тарни бөлгөө... Би өнгөрсөн шөнө зүүдэлсэн бил үү... Ай хөөрхий Гандан явахаас...

No comments:

Post a Comment