Friday, December 17, 2010

ЧИ...
Хүнээр хэлүүлэхгүй явах нэг их аз жаргалтай юм шиг. Хөх тэнгэрт ганцаар шунган элин халин нисэх зоригт бүргэд лугаа...Зоригт бүргэдийн элин халих тэр жигүүрхэндээ хүчтэй нь өөрийн жаргал, бас зовлон бөлгөө. Төрж өссөн, хагарч амилсан цавчим өндөр байцын хүрэн халтар асга нүдний нь үзүүрт цэнхэрлэхэд тэр гунигтайяа ширтэж, шунган доошилдог. Агаарын тэр хөх алсад бүргэдэнд хэрэгтэй юм нэгээхэн ч үгүй. Тэнгэрт дүүлэх цэгийн төдий алслах тэр агшин бүртээ тэр газраа л харуулдаж байдаг. Газраасаа л уяатай байдаг. Чи гээд чичихэд хэн дуртай билээ... Бас чи гэж хэлүүлэхгүй байх нэн зовлонтой. Өнөөх бүргэдэд хэн ч чи гэж хэлэхгүй. Хөөрхий хэдэн цагцаахай нь асган дээрээс нисэн алдан хүлээхэд л тэр доошлон доошлон үүрэндээ тэмцэнэ. Түүн лугаа чи гээд хэлээд өгөх хүнгүй болчихвол байц хадны ирмэг дээр гуниглан суухтай ялгаа юун. Алгадуулж, аашлуулах аав ээж дэргэд явахад "чи" гэдэг үгэнд нэн дуртай биш хөвгүүн, бас зэгзгэр охид олон билээ... Тэд ямар бүргэдийн цагцаахай биш. Ухаант хүний үр удам. Цагийн урсгал нэг л өдөр "та" гэх үгийг түүнд бэлэглэх болно. Энэ үед өнөөх "чи" гэдэг үг аргагүйн эрхэнд гунигтайяа бодогдож, бодол болно. Хаашаа л харна "та" дээшээ, "та" энэ суудалд. Өнөөх "чи" ор сураггүй мартагдаад эхэлнэ. харин бүргэд тэнгэртээ элин хальсаар л байх болно. Чи гэж хэлэхэд нь чичилж байна гэж бодсон бүхнээ уйтгарлан бодох тэр ахуйд хүн цаг хугацааны эргүүлгийг олж мэдрээд...Бүргэдийн элин халихын ухааныг сэтгэлдээ тэмтэрнэ. Өнөөх бүргэд сэтгэлийнх нь уужимд элин халин нисч эх оронтой юм шиг гайхуулна. орон зайн цэцэрлэг нь намрын өнгөөр шаргалтсан хүмүүний сэтгэл тэр аяараа салхилна. Чи бос, чи тугал эргүүл, чи усанд яв, чи хичээлээ давт, чи түлээгээ оруул... гэдэг үгс аль хэдийн цээжний цэцэрлэгт нь дэлгэрэхгүй болсонд хүмүүн ихэд уйтгарлана. Бүргэд элин халин ниссээр л...

No comments:

Post a Comment