Tuesday, August 4, 2009

Бодол бэлчээсэн найрагчийн номд хэлсэн болох болохгүй хэдэн өгүүлбэр

Уншигч болон сонсогч түмний ам сайн яваа яруу найрагчдын нэг бол эрдэмтэн-зохиолч Лханаагийн Мөнхтөр яах аргагүй мөн. Тэрвээр УБДС-УБИС-д миний даасан ангийн оюутан байж, 1992 онд их сургуулиа амжилттай сайхан дүүргэсэн юм. Зорьсон юмтай, уужуу талбиун сэтгэлтэй, ухааны уртай, нэг л сонин, бодол бэлчээсэн, хөдөлмөрч залуу юм даа гэж бодож явдаг байж билээ, тэрхэн үед.
Их сургуулиа төгсгөөд, Монголын Радиод тасралтгүй 16 жил ажилласан энэ хугацаанд яруу найргийн, нийтлэлийн, танин мэдэхүйн, судалгааны чиглэлтэй сонирхолтой, уншууртай хэдэн сайхан ном бүтээж багш нартаа барьж баярлуулж явдаг нэгэн. Энд “Адуун зүсмийн уул” /1994/, “Морин уул” /1995/, “Хийморь уул” /1999/, “Нутгийн зам” /2004/, “Ургадаг алт” /2005/ зэрэг номуудыг дурдахын учир бол яруу найрагч Л.Мөнхтөр маань “Нутгийн зам”-ыг дуулж, “Уул”-ын оргилыг зорьж, “Хийморь лундаа”-тай явсаар өнөөдөр “эрдэмтэн-зохиолч”-ийн эгнээнд орсныг хэлэхэд таатай сайхан бөгөөд шавиараа бахархахын учир байна аа.
Л.Мөнхтөр, МУБИС-ийн докторантурт суралцаж, “Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга, бүтэц, хэрэглээ” хэмээх сэдвээр 2007 онд хэлбичгийн ухааны докторын зэргийг гялалзтал хамгаалсан юм. “Баялаг сайхан хэрэглэгдэхүүнтэй, монгол адууны зүсмийн үндэсний онцлогтой үгийн утга, соёл хэрэглээний асуудлыг тун чамбай судалсан өвөрмөц судалгаа болжээ...” гэж хамгаалуулах зөвлөл үнэлж дүгнэж байлаа...Энэ үеэс л доктор, яруу найрагч Л.Мөнхтөрд боловсрол ба соёлын гэсэн хоёр зүйлийн онцлогтой, хоёр гол тэрүүр зам нээгдээд ирэх шиг санагдаж билээ. Нэгдэх нь уран бүтээлийн зам, хоёр дахь нь эрдэм судлалын ажлын зам байсан гэж хэлж болох юм.
Ер оюутан Мөнхтөрөөс яруу найрагч Мөнхтөр, нийтлэлч Мөнхтөрөөс боловсролын доктор Мөнхтөрийг хүртэлх хувь хүнийг ажиглаад байхад нэг л тийм гэгээн сайхан бодол бэлчээсэн, дотоод чинадын гүн бодрол бясалгалтай, бас уран сайхны дүрт сэтгэлгээтэй, ямар ч орчин нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөж чаддаг хүн юм уу даа гэсэн бодол санаа төрөгдөөд байдаг болж билээ.
Юуны тухай бодол санаа, ямар бодрол бясалгалыг хаанаас хааш нь бэлчээж, өөрийгөө хөгжүүлж дэлгэрүүлж явдаг найрагч вэ? гээд л бодохлоор доктор Л.Мөнхтөр маань хүн-хүн, хүн-хүмүүс, хүмүүс-хүмүүс гэх буюу эсвэл хүн- эх дэлхий, уул ус, хүн-нийгэм ба соёл гэсэн харилцааг нарийн мэдэрч, хүүгийн сэтгэлээс ээж, аав, эх нутаг ус руугаа, эх хэл соёл руугаа, “Нутгийн зам”-ыг дагуулан бодол бэлчээдэг зөөлөн зөөлөн зантай, эе эвийг хичээдэг хүн гэдгийг онцолмоор байна. “Хяруу унасан, хайр хоргодсон намар”-аас “Цэцэг дэлгэрэх зун”-руу, “Тариа найгах тал”-аас “Адуун зүсмийн уул”-руу сэтгэл бодлоо бэлчээдэг эр хүн гэмээр ч юм шиг. Аль эсвэл “Ивээл жилтэй бүсгүй”-гээс, “Ус нутгийн бүсгүй”, “Яриа Тунгаа”-г хүртэл яруухан бодол бэлчээж, уран дүр бүтээсэн найрагч ч гэмээр юм шиг санагдав. Бас тэгээд л бодохлоор “Зөөлөн зөөлөн замбуулин” “Явуулын цэнхэр дэлхий”-гээр зөв явахын уран сайхан санаа бодлыг бэлчээж, хүмүүст хүргэсэн өр нимгэн уран нийтлэлч хүн юм даа гэмээр санагдах болж билээ. Тиймээс ч:
Дээд хөх тэнгэрийн дор
Дэргэдэх бор дэлхийн дээр
Бодолд автаж явдаг дууны яруу найрагч маань “Би тэнгэрийн харьяат газрын хүү” /1998/ гэсэн сайхан дууг бичсэн нь учиртай байх аа.
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Мөнхтөр уншигч танд дууны шүлгүүдээсээ сорчлон дээжилж, “Зөөлөн зөөлөн замбуулин” буюу гурван “ЗЗЗ”-тэй шинэ номоо өргөн барьж байна. Энэ яруу найргийн дууны шүлгээр бүтсэн тусгай дэвтэр нь “ЗЗЗ” гэсэн нэртэй байгаа нь ч учир начиртай байх. Учир гэвэл олонд түгэн дэлгэрсэн энэхүү “Зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг дуу /шүлэг/ бол энэ бэсрэгхэн номд багтсан:
“Хүмүүн байгаа болохоор л...” /2007/
“Хүн хүндээ баяр” /2008/
“Нутгийн зам” /1993/
“Гүйгүүл морин” /1999/
“Хяруу унахад ээжийгээ саналаа” /2001/
“Адуун зүсмийн уул” /1995/
“Хулстайн гурван даваа” /1994/
“Атрын аян” /2008/
“Би тэнгэрийн харьяат” /1995/
“Хөхморьтын унага” 2003/
“Цэцэг сүлжсэн хайр” /2005/
“Явуулын цэнхэр дэлхий” /1996/ гэх зэрэг олон сайхан дууны /шүлгийн/ “удиртхал”-дуу хөгжим нь буюу “тайз засал” нь болох учиртайг онцлон тэмдэглэмээр санагдав.
Зохиолч Л.Мөнхтөрийн дууны шүлгийн номд байгаа олон сайхан уран дүрслэл, шинэ санаа, гэгээн бодол эрэгцүүллийг дуу болгоноос нь жишээ татан шигтгэж, нотолж болох авч, “Бодол бэлчээсэн найрагчийн номд хэлсэн болох болохгүй хэдэн өгүүлбэр” маань нуршуутай болчих вий гэсэн болгоомжлол байна аа. Хоёрхон сайхан бадгийг хосмолжлон татаад харвал: “Гүйгүүл морин”-д:
...Ээждээ яарсан сэтгэлийн хайраа
Гүйгүүл морины дэлэнд уямаар аа
Эцгийн гэрийн дулаан хоймортоо
Гүний нутгаас яаран очмоор оо...” гэсэн сайхан дүрслэл байдаг бол “Цэцэг сүлжсэн хайр”-ндаа найрагч маань:
“...Бодож бодож хэлсэн үгэнд нь
Бороотой тэнгэр цэлмээд байхым аа
Удаж удаж уярсан хайранд чинь
Ухаан санаа уужраад байхым аа...” гэсэн сайхан бадгаар “бодол бэлчээсэн” байх жишээтэй. Жич тэмдэглэхэд, Л. Мөнхтөрийн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууг түмэнд хүргэж, олонд алдаршуулахад хөгжмийн зохиолч, дуучин Н.Баасандорж, бусад олон уран бүтээлчид үнэхээр сэтгэл гаргаж, түрлэг нэмсэн нь бахархмаар санагддаг юм. Л.мөнхтөр олон сайхан хөгжмийн зохиолчид, дуучидтай хамтран, өвөрмөц уран бүтээл хийж, хоршиж гуршиж, ажилласан нь бүтээлийнх нь чанарт болон хэрэглэгч олон түмэнд хүрэхэд нь сайнаар нөлөөлснийг тэмдэглэе. Энэ бол хамтын бүтээлийн чанар сайн байдаг гэдгийг харуулсаар байгаа хэрэг.
Ингээд авьяас билэгт эрдэмтэн шавийнхаа дууны найргийн шинэ номд болох, болохгүй хэдэн өгүүлбэр нэмэрлэснээ бас л нэг сайхан аз завшаан хэмээн бэлгэшээх ялдамд эрдэм судлалынх нь нөр их ажилд гялалзсан сайхан амжилт хүсэж, “Явуулын цэнхэр дэлхий”-дээ олон сайн номыг бүтээгч- найрагчийн аз хийморьтой, зөв сайхан явахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Пүрэв-Очир

No comments:

Post a Comment