Эгэлхэн ширээ минь
Эрдмийн уяа шузга минь ээ
Намайг чи их сойсон доо
Наадамд түрүүлтэл уясан
Бодлоо чам дээр асгаж
Борооших тэнгэр шиг
Тавцан дээр чинь агь нүдэлтэл
Таныгаа би тохойлдсон шүү
Уйдлаа гэж ердөө тээршаагаагүй
Улмаа л өнгө ордог сон
Ном цаасаар дүүргээд
Нооройсон юм болгочихдог сон
Ингэх л ёстой гэх шиг
Инээмсэглэж байгаа юм шиг
Үүрсэн ачаандаа түүртэлгүй
Үүрэглэж ердөө харагддаггүй сэн
Эгэлхэн ширээ минь
Энэ насны гэрч минь ээ
Бид хоёрын бодол болсон
Бид хоёрын бодлоо бичсэн
Тэр олон өдрүүдийг
Тэвэрч хоносон болохоор
Чи л намайг илүү ойлгоно
Цагаа болоход хуучилна
Эгэлхэн ширээ минь
Энэ насны дагуул минь ээ
Сэтгэлээ шингээсэн
Оюуны талбар минь
Сэтгэлд минь үлдэх
Онцгой ачтан шүү, ЧИ
No comments:
Post a Comment