Tuesday, August 4, 2009

Зөөлөн зөөлөн замбуулинд жарган саатна уу

Зөөлөн зөөлөн замбуулинд жарган саатна уу...


Яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны шүлгийн нэгэн цагаан гэрийн үүд хаалгыг Та нээж байна. Л.Мөнхтөр энэхүү дууны шүлгийн цагаан өргөөгөө “Зөөлөн зөөлөн замбуулин” хэмээн нэрлэжээ. Яг энэ л шүлгийг нь би нэгэнтээ баярлан хүлээн авч бас ч дууны шүлгийн тухай бичсэн өгүүлэлдээ иш татаж байсан юм.
Тэр өгүүллийг минь энэ яруу найрагч олж уншиж, намайг шинэ номдоо өмнөтгөл бичиж өгөхийг хүссэн юм.
Ер яруу найрагчийн шүлгээ хүнд хүргэх хамгийн дөт агаад баталгаатай нэгэн жим зам нь үнэндээ дуу буюу...Дууны шүлэг болвоос томоохон, бүхэл бүтэн санааг бичил орчинд багтааж гаргадаг өвөрмөц онцлогтой яруу найраг л даа. Онцолж бас хэлэхэд дууны шүлэг хэмээх нь хүмүүний сэтгэлийн уран дүр нь байдаг бөлгөө. Сэтгэлийн зураг хөрөг ч гэж болно.
Олон сайн яруу найрагчдын олон арван шүлэг нь дуу болж сонсогч түмэнд жигүүр дэлгэн нисэн нисэн хүрч сонсогч хүмүүний зүрхэнд бас хадагдан үлдэх нь бий.
Дууны шүлэг бичнэ гэдэг үнэндээ үгийн инжааны л хийх нарийн чимхлүүр ажил гэдгийг ч дурдмаар байна.
Энэ тухай дараа жичдээ ихэд дэлгэрэнгүй бичих нь зүйтэй байх аа... Одоо харин Л.Мөнхтөрийн дууны шүлгүүдээс цөөн мөр иш татья.

“...Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг
Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” /Зөөлөн зөөлөн замбуулин/ гэх оночтой үгээр ухаарал, амьдралын хамгийн гол философийг сэтгэлийн утсыг чичвэлзүүлэн байж , ая эгшгийн зохиролыг бас “ашиглан” байж зон олны цээжинд хүргэж өгч буй бус уу.

“…Нутаг эжий хоёрыгоо
Нулимсаа бөмбөртөл санах юм аа” /Хулстайн гурван даваа/ гэсэн дууны дахилт нь үнэндээ л эжийгээ санах хүүгийн тод дүр юм.

“…Зүрхэндээ хүртэл тэвэрч хайрладаг юм аа
Зүсэлж унасан бор газар аа
Зүүдэндээ хүртэл зүтгэж очдог юм аа
Зүйргүй дотнохон ЭЖИЙ ГАЗАР АА…” /Сайхан газар шороо минь/ гэж эх дэлхий газар шороогоо эжийтэйгээ зүйрлэн хайрласан сэтгэлийн айлтгал,
“Хүлээсэн сэтгэлд ойртож харагдах
Хөндийг туулсан нутгийн зам аа
Хүүгээ үдээд хоцрох эжийд
Ханьсаад үлдэх аяны харгуй
Нутгийн зам нуруутай
Нуган үрдээ ханилгаатай…” /Нутгийн зам/ гэх хүн бүхний, тэр дундаа монгол хүмүүний нутгаа зорин гэгэлзэх сэтгэл дээр тэрхүү нутгаа хайрлах ухаарал,
“ Бодож бодож хэлсэн үгэнд нь
Бороотой тэнгэр цэлмээд байхымаа
Удаж удаж хэлсэн үгэнд нь
Ухаан санаа уужраад байхымаа…” /Цэцэг сүлжсэн хайр/ гэсэн гэгээн бодолхийлсэн учирлал,
“…Хаднаас хүртэл нулимс дуслах шиг
Хайлган тэр л өдөр
Жил жилийн аясыг дагаад
Жиндэж яваа амраг минь
Цэн цэнгээр бодоход
Цээжинд нэг л ойрхон
Хааяа хааяа санахад
Харц нь нэг л дотно оо…” /Зүрхэнд ойрхон амраг/ гэх уужуу бод сэтгэлийн хөнгөн гуниг,
“Хол холын ууланд
Бороо цайраад байхаар нь
Хонгор жаахан чамайгаа
Босон суун үгүйлэх л байх даа
Навчин хоёр зүрхнийхээ
Нандин хайрын илчээрээ
Намрын бороотой өдрүүдийг
Нөмөрлөж шүхэрлэж явья даа…” / Хайранд хоргодсон намар/ гэх эгэл энгийн үгээр дархалж шигтгэн урласан гэгэлзээ-г түүний дууны шүлгүүдээс анзаарч болно. Энэ бол Л.Мөнхтөрийн шүлгийн чанар чансааг бэлхнээ хэлээд өгнө өө.
Дуу гэдэг сайн аялгуу, сайхан дуучны дэмтэйгээр түгэн дэлгэрдэг ч ДУУНЫ ҮГ гэдэг үнэндээ түүний араг яс нь ч , анхдагч төрмөл нь ч байдаг, бас дууны сайн шүлэг нь өөртөө хөгжим агуулсан байдаг, тийм яруу шүлгээс л аялгуу ургадаг гэдгийг яруу найрагчийн хувьд тодруулан хэлэх нь зүйтэй буй за.
Дуу гэдэг нэг цогц үүсмэл хамтын бүтээл боловч үг нь ухаарал утгын цөм, сайхан аялгуу нь сэтгэлийн гаргалгаа, сайн дуучин нь түгээн дэлгэрүүлэх улаачийн буухиа гэж хэлж болно.
Ингэхээр Л.Мөнхтөр хүмүүний сэтгэлийн гүнд ухаарлын үгсийг яруусган хүрэгчдийн нэгэн аж.
Олон олон өвөрмөц онцлогтой дууны яруу найрагт авьяас сорин хөржимлөг шүлэг бичиж туурвиж буй Л. Мөнхтөрд нэг талаас уншигч олон, нөгөө талаас сонсогч олон таны өмнөөс гүнээ талархмуу.

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн
яруу найрагч Загдын Түмэнжаргал

No comments:

Post a Comment