Tuesday, August 4, 2009

Аяс зөөлөн, дөлгөөн ялдам, ухаалаг хийгээд бодлогоширонгуй

Уран бүтээл бол ямагт хувь араншин байдаг. Л. Мөнхтөрийн дууны шүлгүүд ч мөн л тийм байна. Аяс зөөлөн, дөлгөөн ялдам, ухаалаг хийгээд бодлогошронгуй.
“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...” гэж тэр хэлсэн юм.Хэн хүний сэтгэлийн нуга, зүрхний аглагт энэ үг шидэт тарни мэт мөнхийн хутагыг олсон байна. Хонгор нутгийн минь авьяас билэгт дүү, ая зохиогч, дуучин Н.Баасандорж ч энэ шүлгийн гүн цэнгэгт тохирсон хөгжим зохиосныг
авьяас авьяасаа таньдаг гэсэн үгээр л тайлбарлахаас өөрөөр юу ч гэлтэй билээ. Ерөөс уран бүтээл бүхэн өөрийн гэсэн хувь заяа, цадиг намтартай байдаг л... Тийнхүү аваас, энд “Явуулын цэнхэр дэлхий...” дуу хэрхэн төрсөн тухай бичилхэн хууч хөөрье.
Тэр жил, 1994 онд юмдаг уу, Эрдэнэт хотод Монголын үндэсний радиогийн сонсогч редакцийн уулзалт болсон юм. Тус уулзалтанд манай редакцийнхан | “ Шинэ эрин радио станц”-ынхан | бүтэн багаараа оролцов.
Бидний бүрэлдэхүүнд олон дуучид явсны дотор УГЖ Э.Бүрнээбаяр байв.
“Амьдрал аа, би чамд хайртай...” дууны нэрт дуучныг Эрдэнэтийнхэн зориуд урьсан юм. Тэрчлэн Б.Цэдэндамба, П.Баярсайхан. Ц.Чимиддорж, Л.Мөнхтөр, Д. Энхболд, Д.Шагдарсүрэн, П.Сандуйжав, М.Шийрэв зэрэг бидний хэдэн зохиолч сэтгүүлчид сонсогчидтойгоо уулзаж, шүлэг, дуугаа өргөж явав.
Энэ үед нэгэн уулзалтан дээр Л. Мөнхтөр “Ирсэн л болбол буцах болдог дэлхийд...” бас буцсан хүн эргэж ирдэг юм шүү дээ гэсэн өмнөтгөл үгтэйгээр нэгэн шүлэг уншсан нь “Явуулын цэнхэр дэлхий...” нэртэй байж билээ. Хожим нь энэ шүлэг сайхан дуу болсон юм. Аялгууг нь мөн л хонгор нутгийн авьяаслаг хөгжмийн зохиолч Б.Шаравдорж зохиожээ. Тэр дууны дахилт нь

“Явсан хүн эргээд ирдэг
Явуулын цэнхэр дэлхий
Яргуй дахин дэлбээлдэг
Яруухан хаврын улирал аа...” гэсэн үгтэйсэн.

Л.Мөнхтөр энэ дуугаа “Амьдрал аа, би чамд хайртай...” дууны хариу болгож бичжээ. “Явуулын цэнхэр дэлхий...” дуу төрөхийн үүдэл шалтгаан нь “Амьдрал аа ,би чамд хайртай ...” дуу бүлгээ. Энэчлэн энэ номонд орсон дуу бүхэн нэг нэг түүх өгүүлэх ажаам.
“Цэцэг сүлжсэн хайр...” гэж бас нэг сайхан дуу бий. Энэ дууны нэрийг гэхэд л би өгсөн юм. Ер нь Л. Мөнхтөр бол шүлгээ биччихээд найз нөхөдтэйгээ санал бодлоо хуваалцах дуртай нэгэн. Тэр нь ч уран бүтээлийнх нь чанар чансаанд авшиг хишгээ өгсөн нь олонтаа. Толгод толгодоо нөмөрлөдөг . Бас “нэг уяаны морьд нэгнээ дагаж давхидаг...” гэж яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар ах минь хэлсэн нь ч бий. Анд минь, тийнхүү бид бие биенийхээ уран бүтээлийн ая дан, амин шүншигт
гэрэлтэн орших билээ л...
“Зөв явбал зөөлөн замбуулин”-д хийж бүтээхийн мөнгөн зөрөг чинь чамайг тосон алсармуй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа
2008. 11. 02.

No comments:

Post a Comment