Tuesday, August 4, 2009

Цагаан хэрэм

Цагийн урсгалд түүртэж сунайсан
Цагаан хэрэм дээшээ л цоройно
Их уулсын ногоон хормойгоос
Эгц өөдөө тэнгэр өөд л зурайна.
Илдэн ногоон оргил бүхэнд
Энэ цагаан хэрэм авирч хүрчээ
Тэнгэрт тэмүүлсэн их хэрэмний өмнө
Тэнгэр өөрөө намхан болжээ...
Тэнгэр өөд өгссөн чулуун шат бүхэн
Тэртээх зууны түүх өрсөн чулуун шад
Шат тоолон гишгэх бүхэнд
Шархтсан зүрх ёолно...
Сүнс сүлдтэй хүн бүү хэл
Сүүдэргүй чөтгөр хүртэл эмээдэг
Сүрт их хясаа байх...
Сүрлэг их уулс нь хүртэл эмээх
Учиргүй олон хүний хөлсөөр гагнаж
Улаан гараараа бүтээсэн цагаан хэрэм
Ургаж мандах наранд ч
Умбарч л байдаг
Унтаа цагаан саранд ч
Ургаж л харагддаг
Уул уулын дээгүүр өнгийж
Умар зүгийн салхийг хүртэл халхалж
Утга агуулгаа алдсаар л байдаг
Дээд оргилд нь гарахаар аз тохиох юм шиг
Дундад иргэд дугаарлан цувсаар л байдаг
Хар үсий нь тоолом буурал өвгөн ч
Хааяа нэг амраад өгсөж л байдаг
Хацар гоо, танхил охид
Хархүүдээ эрхлээд авирч л байдаг
Хар шар олон арьстан
Харийн ноёд ч өгсөж л байдаг
Ямаа боол хоёрын бүтээсэн
Янжин ууланд ассан
Яхир цагаан хэрэм
Ярайж л байдаг...
Түүх алхаж яваа юм шиг
Түмэн цагаан хэрмийг
Наран ургах зүгээс нь
Нанхиад түмэн шүтдэг
Чөлөөт салхины зүгээс нь
Чингисийн монгол омогшдог...
Улаан гараараа бүтээсэн
Цагаан хэрэм
Умрын нүүдэлчдээс айсан
Цагаан билэгдэл
Удах тусмаа мөнхрөх
Цагаан цогцос
Улаан гараараа бүтээсэн
ЦАГААН ХЭРЭМ


1999 он. Бээжин хот

No comments:

Post a Comment